Архангай аймаг

Иргэний танхим

2014-10-30 10:10

АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ

 “ИРГЭНИЙ ТАНХИМ”-ЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Төрийн бодлого шийдвэр болон орон нутгийн хэмжээний бодлого, шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргагчид сонсох, олон нийтийн дунд тулгамдаж  буй асуудлаар нээлттэй хэлэлцэх, сургалт зохион байгуулах зорилгоор Иргэний Танхимын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

 

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны зарчим

2.1. “Иргэний Танхим”-ын зорилго нь хуулийн төсөл, дүрэм журам, шийдвэрүүдийн төсөлд иргэд, байгууллагаас санал, шүүмжлэл, мэдээлэл хүлээн авах замаар төр засгийн түвшинд гарах шийдвэрийг сайжруулах, шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах явдал юм.

2.2. “Иргэний Танхим”-ын бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.

2.3. Иргэний Танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөл өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Иргэний Танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэнэ.

 

Гурав. Иргэний Танхимын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт

3.1. Иргэний Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна. Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал оруулагч тал, болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.

3.1.1. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцуулж болно.

3.1.2. Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь ИТХ-ын төлөөгчид, тэргүүлэгчид, ИТХ-ын дарга, ажлын алба байна, Аймгийн ЗДТГ байна.

3.1.3. Иргэний Танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь ИТХ-ын ажлын алба байна. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэлээр мэдээлж сурталчлах, мэдээллийг цуглуулж эмхэтгэх, саналыг ангилж бэлтгэх, асуудал оруулагч талын тайлан мэдээлэл бэлтгэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

3.2. Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлгийн бус цагаар иргэдийн оролцоог хангах, мэдээлэл хүргэх зорилгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

3.2.1.        Иргэний   танхимд   иргэдийн   боловсролыг   дээшлүүлэх   сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулна. Үүнд:

 

Ø  Сургалт хариуцсан ажилтан шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг идэвхжүүлэх арга зүйн сургалт зохион байгуулна.

Ø  Төр, ТББ болон бусад байгууллагын захиалгаар иргэдийн дунд явуулах хууль эрх зүй, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагад суурилсан сургалтыг хамтран зохион байгуулна.

 

3.2.2.        Иргэний танхимын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх үүднээс явуулын хэлбэрээр иргэний танхимыг ажиллуулж болно.

3.2.3.        ИТХ-ын төлөөлөгчид үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулах, тэдний
санал бодлыг сонсох зорилгоор иргэдтэй уулзалт хийнэ. Үүнд:

3.2.4.ИТХ-ын төлөөлөгчдийн иргэдтэй хийх уулзалтын төлөвлөгөөг ИТХ-ын ажлын албаны төлөөлөгч, хурлын хороод хариуцсан ажилтан боловсруулж иргэд болон төлөөлөгчдөд мэдээлнэ.

3.2.5.ИТХ-ын төлөөлөгчид үйл ажиллагааны тайлангаа Иргэний танхимаар иргэдэд нээлттэй танилцуулна.

3.2.6.Иргэний танхим нь нийтийн зар мэдээ, ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааны тайлан, ИТХ-ын тэмдэглэл, ТББ болон судалгааны ажилтны  гаргасан мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр иргэдэд хүргэнэ.

 

Дөрөв. Иргэний Танхимд хэлэлцэх төслийг олон нийтэд зарлах, иргэдийн саналыг хүлээн авах

4.1.Нээлттэй хэлэлцүүлгийн төслийн анхны эх, түүний товч агуулга, төслийн үндэслэлийн танилцуулгыг ажлын 14-өөс доошгүй хоногийн өмнө Иргэний Танхим хариуцсан ажилтан хүлээн авсан байна.

4.2.Иргэний танхимд хэлэлцэх төслийн анхны эх, хэлэлцүүлэг болох он cap өдөр, байр, цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, электрон шуудан, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг төслийн танилцуулгыг авсан өдрөөс эхлэн хэвлэл мэдээлэл, интернэтээр ажлын алба зарлана.

4.3. Хэлэлцүүлэгт оролцогч нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлэлцүүлэг зарлагдмагц дараахь хэлбэрээр санал шүүмжлэл, байр сууриа илэрхийлж болно. Үүнд:

4.3.1. Архангай аймаг ИТХТ-ийн ажлын албанд гэж хаягласан захидлаар.

4.3.2. Иргэд хүлээн авах төвийн шууд утас 7033-1111, 7033-1212, /ярианы энгийн тарифаар/

4.3.3. Иргэний Танхимд болох хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох хэлбэрээр.

4.3.4. Аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас, и-мэйл хаягаар

www.arkhangai.khural.mn www.Akhangai-ITH.com, Arkhangai.ith@gmail.com, Facebook.com/ArkhangaiITH  хаягаар санал ирүүлнэ.

4.3.5. Утсаар болон цахим хэлбэрээр санал, хүсэлт өгч байгаа тохиолдолд утасны дугаар, овог нэр, хариу хүргүүлэх хаягийг тодорхой зааж өгнө.

4.3.6. Иргэний танхимд өөрийн биеэр ирж санал хүсэлт гаргасан тохиолдолд санал хүсэлтийн бүртгэлийн дэвтэрт овог нэр, хаяг, он, cap, өдөр, цаг минутыг тэмдэглэн бүртгэж авна.

4.3.7. Иргэдээс гаргасан санал, хүсэлтийг албан ёсоор бүртгэн, холбогдох хэлтэс, агентлаг, албан байгууллагуудад дотоод удирдлагын системээр дамжуулан тухайн өдөрт нь шилжүүлнэ.

4.3.8. Иргэдийн санал, хүсэлтийг холбогдох байгууллагад шууд хүргэх, шийдвэрлэлтийг хүлээн авах, эргэн мэдээлэх ажлыг хариуцсан ажлын албаны ажилчид шуурхай зохион байгуулж, ажлын 5 хоногт багтаан иргэдэд шийдвэрлэлтийг эргэн мэдээлнэ.

 

Тав. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

5.1. Иргэний Танхимд болох хэлэлцүүлгийн танхимыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн протокол хөтлөх, хэлэлцүүлэг даргалагчийн хүсэлтээр хэлэлцүүлгийн дэг алдуулагчийг танхимаас гаргах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлыг ажлын алба хариуцна.

5.2. Хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж сонсгох, зураг үзүүлэн таниулах материал байрлуулах, компьютерээр материал үзүүлж танилцуулах оролцогчдын материалыг хэлэлцүүлэг эхлэхээс 1-2 цагийн өмнө ажлын алба хүлээн авч техникийн бэлтгэл хангана.

5.3. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хэлэлцүүлэгт сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдэнд суудал, байрлал хуваарилах зэрэг бэлтгэл ажлыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ.

            5.4. Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг угтан авч, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.

 

Зургаа. Нээлттэй хэлэлцүулгийг явуулах зарчим ба хэлэлцүүлэгт оролцох дараалал

6.1. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх зарчим үйлчилнэ.

6.2. Иргэний танхим хариуцсан ажилтан нь зөвхөн хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын гурав хоногийн өмнөх өдөр ажлын найман цагийн турш ИТХТ-ийн ажлын албаны утас, факс, электрон шуудангийн хаягаар иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн цагийн дарааллаар жагсаана.

6.3. Ажлын алба нь бүртгэгдсэн нэрсийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчид хэлэлцүүлэг эхлэхээс 48 цагийн өмнө танилцуулж, хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг хүлээн авна.

6.4. Хэлэцүүлэгт ИТХ-ын дэргэд байгуулагдсан “Ахмад зөвлөхүүдийн зөвлөл”-өөс хэлэлцэх асуудалтай холбоотой мэргэжлийн зөвлөхүүдийг оролцуулна.

6.5. Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн албан хаагчид, судлаач, шинжээч, гэрч, гадаадын болон судалгааны байгууллагын төлөөлөгчийг урилгаар оролцуулж болно.

6.6. Төсөл оруулж буй ажлын хэсэг төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган танхимын хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Танхимын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг ажлын хэсэг өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

 

Долоо. Хэлэлцүүлгийн дэг

7.1. ИТХ-ын дарга эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нээлттэй хэлэлцүүлгийг нээнэ. Хэлэлцүүлгийг даргалах хүний нэр, албан тушаал, хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.

7.2. Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын нарийн төвөгтэй байдлыг харгалзан хэлэлцүүлгийн нийт хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Ингэхдээ нэг хүний үг хэлэх хугацааг 5-10 минутаар тогтоож болно.

7.3. Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж олгох ба ингэхдээ нэг хүн А-4 хэмжээний бүтэн хуудас материал уншиж танилцуулж чадахуйц хэмжээгээр цаг олгоно.

7.4. Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийг танилцуулна.

7.5. Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтоож дараахь дэс дарааллыг давхар баримтлан индэрт урина.

7.5.1. хөндлөнгийн шинжээч, эксперт, төрийн болон олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүс үг хэлэх

7.5.2. төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг дэмжсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх

7.5.3. төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг эсэргүүцсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх,

7.5.4. тайлбар, саналтай хүмүүс үг хэлэх. Хэрэв төслийг дэмжсэн, эсэргүүцсэн, төсөлд санал тайлбар хийхийг хүссэн хүний тоо тус бүр 3-аас илүү бүртгэгдсэн бол тэдгээр байр суурьтай хүмүүс ээлжлэн үг хэлнэ.

7.6. Оролцогчид байр сууриа илэрхийлж дууссаны дараа асуудал оруулагч талаас шаардлагатай гэж үзвэл оролцогчдод болон урилгаар оролцож буй гэрч, шинжээч, төрийн албан хаагч, судлаач, бусад зочдод хандан асуулт тавьж болно.

7.7. Асуулт хариулт дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ. Ингэхдээ нэг хүнд нэг минутын хугацаа олгоно.

7.8. Хэлэлцүүлгийг даргалагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.

7.9. Хэлэлцүүлэгт оролцогч зочин бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, хашгирах, шүгэлдэх, хөлөө дэвслэх зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл Иргэний Танхимын Ажлын алба оролцогчийг танхимаас гаргаж болно.

 

Найм. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

8.1. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл асуудал оруулагч тал хоёр долоо хоногт багтаан эцэслэн боловсруулж Иргэдийн Хурлын Тэргүүлэгч, ИТХ-ын дарга, аймгийн засаг даргад танилцуулна.

8.2.Нээлттэй хэлэлцүүлгийн тэмдэглэл, Иргэний Танхимд төслийн талаар ирүүлсэн бүх санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттай төслийн шинэчилсэн хувилбарыг Иргэний Танхимаас болон Arkhangai-ITH.com вэб сайтаас үзэж танилцаж болно.

 

Ec. Бусад зүйл

9.1. Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шаардлагын улмаас Иргэний Танхимд болох хэлэлцүүлгийг хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг энэхүү журмын дөрөвдүгээр зүйлийн дагуу олон нийтэд мэдээлнэ.

9.2. Аймгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд Иргэний танхимд хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд хэлэлцүүлгийг хамтарсан хэлбэрээр явуулж болно.

9.3. Олон улсын төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн саналын дагуу иргэд рүү хандсан хандив, хүмүүнлэгийн тусламж, төслийн санхүүжилтийн тухай иргэний танхимаар хэлэлцүүлж болно.

 

 

 

АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБА


2014-10-30 10:10
Сумдууд