БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэг, “Архангайн хөгжлийн төлөө” ТББ-аас хамтран Архангай аймгийн төв болон Эрдэнэмандал суманд Солонгосын эмч, тусгай мэргэжилтнүүдийн баг ирж үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Энэхүү эмнэлгийн үйлчилгээ нь ирэх 7-р сарын сүүлээр буюу 20-д гаргаад Архангайд ирнэ ээ.
Ингэхдээ шүд, эмэгтэйчүүд, үе мөч, хүүхэд, дотор, мэдрэл
зэрэг чиглэлүүдээр 40-80 эмч, мэргэжилтнүүд ирнэ гэж байна. Долоодугаар
сар нь зуны амралтын улирал учраас аймгийнхаа ард иргэдийг амралтаа
зохицуулж, болж өгвөл үзлэг шинжилгээнд хамрагдуулахыг Солонгосын тал
онцолж байлаа.
Цаашид БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэгээр
дамжуулан зайлшгүй хагалгаа эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг үнэ
төлбөргүйгээр Солонгост эмчлэх, том хүнийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр
оношлох зэрэг үйлчилгээг үзүүлж болох юм байна. Мөн Архангай аймгийн
эрүүл мэндийн салбарын эмч нарыг туршлага судлуулж, сургалтанд
хамруулах, сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж,
эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бэлэн байгаагаа
БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэгийн тэргүүн Ку Бёон Сок хэлж байлаа.
БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэг, “Архангайн хөгжлийн төлөө” ТББ, МУЗН зэрэг 5 байгууллагын хамтран ажиллах гэрээнд МУ-д 20 жилийн өмнөөс хүмүүнлэгийн шугамаар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийсээр иржээ. Энэ жилийн тухайд БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэгийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Архангай, Дорнод аймгуудад энэхүү хүмүүнлэгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.