Архангай аймгийн Цагдаагийн газар 3 сарын 28-ны өдөр цагдаагийн албаны тухай шинэ хуулиа хүлээн авлаа. Мөн хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор цагдаагийн албан хаагчдын тангараг өөрчлөгдөж, албан хаагчид шинэ тангарагаа өргөсөн юм.
Монголын улсын их хурлаас Цагдаагийн албаны тухай 2013 онд батлагдсан хуульд шинэчилсэн найруулга хийж батлан 2017 оны 3-р сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа эрхзүйн байдалтай холбоотой асуудлыг тодорхой тусгаж өгсөн байна. Цагдаагийн байгууллагын үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, цагдаагийн захиргааны хяналтын үүрэг гэж хуульчлан баталгаажуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд улам ойртуулсан хууль болсноороо онцлог болсныг аймгийн Засаг дарга цохон тэмдэглэлээ.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн шинэ хуулиа хүлээн авснаар аймгийнхаа ард иргэдийн амар тайван амьдралын төлөө, хуулийн дагуу эрч хүчтэй ажиллахаа илэрхийлж байлаа.