Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2017 оны IV хуралдааны 01 дүгээр тогтоолын
1 дүгээр хавсралт
МАЛ АЖ АХУЙН ТАЛААР
БАРИМТЛАХ
АЙМГИЙН БОДЛОГО
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.
Мал аж ахуйн өнөөгийн байдал
Манай аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь Хөдөө аж ахуйн
салбар бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 61.5 хувийг бүрдүүлж байна.
Аймгийн хэмжээнд 16 сум, 1 тосгон, 75 багийн 10.6 мянган малчин
болон мал бүхий өрхөд 3485.6 мянган толгой мал тоологдсон. Тодруулбал; Тэмээ 1.3 мянган толгой,
адуу 274.2 мянган толгой, үхэр 293.6 мянган толгой, хонь 1861.2 мянган толгой, ямаа
1055.1 мянган толгой байна.
Малын тоо толгой
сүүлийн 4 жилд 600.0 мянган толгойгоор өсч, мал аж ахуйн салбараас жилдээ 309.8
тн ноолуур, 1946,4 тн ноос, 792.8 мянган ширхэг арьс шир, 55.3 мянган тн мах, 41.2
мянган литр сүү үйлдвэрлэж,
293.5 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд орууллаа.
Мөн малчдын
бэлтгэсэн малын түүхий эд болох ноос, арьс ширэнд жилдээ 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн
урамшуулал олгогдож байна.
МАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, малын чанар сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд өндөр ашиг шимтэй малын нийт сүрэгт эзлэх тоо хэмжээ 14.0 хувьд хүрч, 1 малаас авах ашиг шимийн үзүүлэлт 8.0 хувиар нэмэгдсэн.
Нийт мал сүргийг бүтцээр нь авч үзвэл
1170.0 мянга буюу 33.6 хувь нь төл, өсвөр насны мал, 714.7 мянга буюу 20.5 хувь
нь ажлын ба бэлтгэлийн насны эр мал, 1573.7 мянга буюу 45.1 хувь нь хээлтэгч,
27.2 мянга буюу 0.8 хувь нь хээлтүүлэгч байна.
Мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд байлгахад
бод малын хувьд хээлтэгч мал сүргийн 50.0-55.0 хувь, бог малын хувьд сүргийн
60.0-65.0 хувийг эзэлж байвал зохимжтой гэж үздэг.
Гэтэл аймгийн
хувьд бод малын хээлтэгч нь 33.6-39.2 хувь,
бог малын
хээлтэгч нь 46.1-47.3 хувь байгаа нь нөхөн үйлдвэрлэл алдагдаж байгааг
харуулж байна.
Аймгийн хэмжээнд
28 буур,
8907 азарга,
3163 бух,
9634 хуц,
5498 ухна
үржилд ашиглагдаж, 1146 бух, 7956 хуц, 4232 ухна дутагдаж байна.
Хээлтүүлэгчийн
үржлийн нормоор 1 бууранд 20 ингэ, 1 азарганд 12 гүү, 1 буханд 35 үнээ, 1 хуцанд 50 эм хонь, 1 ухнад 50 эм ямаа байхаас 1 бууранд 16 ингэ, 1 азарганд 10 гүү, 1 буханд 38 үнээ, 1 хуцанд 95 эм хонь,
1 ухнад 94 эм ямаа байна.
Уур амьсгалын
өөрчлөлтийн улмаас байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн давтамж ойртож, хур тундасны
улирлын хуваарилалт, шинж чанар эрс өөрчлөгдөн,
булаг, шанд, гол, горхи ширгэн, усны нөөц шавхагдах, ургамлын бүтэц, бүрэлдэхүүн
өөрчлөгдөх зэргээр байгалийн тэнцвэрт байдал алдагдах, мал, амьтны халдварт өвчний
голомт сэргэх, шинэ өвчин гарах зэрэг урьдаас таамаглах аргагүй онцгой байдал үүсч
байгаад хариу арга хэмжээ авах, даван туулах чадавхтай байх шаардлагатай байна.
Газрын
нэгдмэл сангийн 2016
оны тайлангаар нийт газар нутгийн
56.7 хувь буюу 2764.0 мянган га талбай нь ХАА-н эдэлбэр газар бөгөөд үүний 91.1
хувь буюу 2485.1 мянган га нь бэлчээр, 4.0 хувь буюу 111.9 мянган га талбай нь
хадлан, 2.5
хувь буюу 81.7 мянган
га нь тариалангийн зориулалттай эргэлтийн талбай эзэлж байна.
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3485.6 мянган толгой мал тоологдсон нь хонин толгойд шилжүүлснээр 6498.9 мянган толгой болж, 100 га бэлчээрт 262 хонин толгой мал ноогдож байгаа нь улсын дунджаас 3 дахин их байгаа бөгөөд
хонин толгойд шилжүүлсэн нэг малд
1,4 га бэлчээр ноогдох байтал 0.38
га бэлчээр ноогдож байна.
Бэлчээрийн төлөв
байдал, чанарын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар тодорхойлж үзэхэд бэлчээрийн
дундаж ургац 4,5 цн/га гарч, 67,6 хувь нь ургамлан бүрхэцтэй байгаа бөгөөд үүнээс
үетэн 17,6 хувь, улалж 19,6 хувь, шарилж 5,7 хувь, агь 4,5 хувь, алаг өвс 17,5,
хувь, хагд 5,9, хувь, халцгай газар 18,8 хувь байгаа нь малд идэмжтэй ургамлын тоо
ихээхэн цөөрсөн нь харагдаж байна.
2014 онд хийсэн
бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар нийт бэлчээрийн 73,9 хувь нь талхлагдсан дүн гарсан зэргээс дүгнэлт
хийхэд цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрчээ.
Аймгийн хэмжээнд
инженерийн хийцтэй болон гар худаг 767 худаг бэлчээрт ашиглагдаж байна. Сүүлийн
4 жилд 87 инженерийн хийцтэй, 31 гар худаг гаргаж ашиглалтанд оруулсны үр дүнд
120.0 га бэлчээрийг усжуулж, 300 гаруй малчин өрхийн 250.0 мянган толгой малыг усаар
хангах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Газрын дээрхи
усны тооллогоор 487 гол горхиноос 4, 720 булаг, шанднаас 8, 126 нуур цөөрмөөс
9, 63 рашаанаас 2 ширгэж, 483 гол, горхи, 638 булаг, шанд, 117 нуур цөөрөм, 61 рашаан
ашиглагдаж байна.
Мал, тэжээвэр
амьтдын эрүүл мэндийг хамгаалж, үржүүлэг, тэжээллэг, хөдөлмөр зохион байгуулалтад
дэвшилт технологийг нэвтрүүлэн хүн амыг эрүүл хүнсээр, хөнгөн үйлдвэрийг чанартай
түүхий эдээр хангаж, аймаг, орон нутгийнхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахад
мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо нэн чухал бөгөөд мал сүргийг өсгөх,
үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, малын гаралтай бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад мал зүйчдийн үүрэг хариуцлага ихээхэн өндөр юм.
Зах зээлийн
нийгэмд шилжсэн үеэс мал зүйч мэргэжилтнүүд ажилгүй болж, малчид хувьчлалаар авсан
малаа өсгөхийг урьтал болгож, чанарт анхаарахгүй хотноосоо тавьсан хээлтүүлэгчээ
ашиглах болсноос үүдэн малынх нь цус ойртож, бие нь давжаарч, чанар нь муудсан.
Аймгийн хэмжээнд
мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан 16 мэргэжилтэн /Малзүйч / ажиллахаас
13 мэргэжилтэн ажиллаж байна.
Хутаг-Өндөр, Тэшиг, Бугат сумд Мал эмнэлэг үржлийн
тасаг нь мал зүйчгүй, Сэлэнгэ, сум малын эмчгүй ажиллаж байгаад холбогдох сумдын
удирдлагууд анхаарах хэрэгтэй.
Мөн мал үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг
хувийн хэвшлийн нэгж байхгүй зэрэг дутагдал байсаар байна.
Малын эрүүл
мэндийг хамгаалах ажил үйлчилгээний хувьд 16 сумын хувийн хэвшлийн 60 МЭҮН-д малын их эмч 45, малын бага эмч 15 ажиллаж, жилд дунджаар халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх арга хэмжээнд 730.0 гаруй мянган мал, паразиттах өвчнөөс урдьчилан сэргийлэх
арга хэмжээнд 2.1 сая мал хамруулан, 24.5 мянган малд лабораторийн
шинжилгээ хийж, 380.1 мянган
м2 талбайг ариутгаж халдваргүйжүүлж байна.
1.2. Бодлого
боловсруулах үндэслэл
Аймгийн мал аж ахуйн салбарт бэлчээрийн мал
аж ахуй зонхилох байр суурийг эзэлдэг бөгөөд цаашид ч энэ хандлага
хэвээр хадгалагдах учир монгол малын удмын санг хамгаалж, байгалийн эрсдэл
даах чадавхийг дээшлүүлэн, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн онцлогт тохируулан
уламжлалт арга туршлага, дэвшилтэт технологийг хослуулсан үр ашигтай менежментээр
эрхлэн хөтлөх шаардлагатай байна.
Улсын Их Хурлаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар
баримтлах бодлого” шинээр батлагдсан. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн
сайдын тушаалаар бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөө,
шалгуур үзүүлэлтийг баталсан.
Мөн Улсын
Их Хурлаар баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлт, Засгийн газраас зарласан
“Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө зэргийг
батласан.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны
үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт Хөдөө аж ахуйн салбарыг аймгийн эдийн
засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох зорилт дэвшүүлсэн.
Мал аж ахуйн
салбар нь аймгийн эдийн засагт голлох байр суурь эзэлдэг боловч энэ салбарт орон
нутгийн төсвөөс хөрөнгө санхүүжилт бараг хийгдэхгүйн улмаас ялангуяа малын
үржлийн ажил орхигдож сонгон шалгаруулалт хийгдээгүй, эсвэл орой төрсөн төл мал
хээлтүүлэгч мал болж хувирах онц ноцтой зөрчил гарсаар байна.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд үхрийн
шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, гахай мялзан зэрэг гоц халдварт өвчнүүд
гараад байна.
Манай аймгийн хувьд 2014 онд Сэлэнгэ суманд
гахайн мялзан, 2016 онд Могод, Гурванбулаг,
Дашинчилэн, Рашаант сумдад хонины цэцэг өвчин гарч, аймаг орон нутаг, малчид иргэдэд
багагүй хохирол учирлаа. Цаашид халдварт, гоц халдварт өвчин нэмэгдэх, сэргэх магадлалтай
байна.
Дээрх бодлого, хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх, учирч
болох ган, зудын бэрхшээл, халдварт болон гоц
халдварт өвчнүүдийг хохирол
багатай даван туулах, мал эмнэлгийн болон үржлийн ажил үйлчилгээг хэвийн явуулахад аймгийн мал аж ахуйн салбарт баримтлах бодлого, чиглэл, стратегийн зорилтуудыг тодорхойлох
явдал зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Эдгээр үүссэн нөхцөл байдал нь энэхүү
баримт бичгийг боловсруулах үндэслэл болсон.
1.3.
Мал аж ахуйн талаар баримтлах бодлогын
хугацаа, хэрэгжүүлэх зарчим
Энэхүү
баримт бичиг нь:
1.3.1. Аймгийн мал аж ахуйн салбарын дунд хугацааны
/2017-2021/ зорилтуудыг тодорхойлно.
1.3.2. “Малын
удмын сан, эрүүл мэндийн тухай хууль”, “Газрын тухай хууль” болон бусад холбогдох
хууль, тогтоомж, “Төрөөс хүнс, хөдөө аж
ахуйн талаар баримтлах бодлого”, “Төрөөс
малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол
мал” үндэсний хөтөлбөр, “Мах, сүүний
анхдугаар аян” зэрэг
бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийн
үзэл баримтлалын хүрээнд үйл
ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.3.3. “Аймгийн
Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны
хөтөлбөр”, “Аймгийн хөгжлийн цогц бодлого”-д мал аж ахуйн талаар дэвшүүлэн тавьсан зорилтуудыг хэрэгжүүлнэ.
1.3.4. Аймгийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хуулийн
этгээд, олон улсын хөтөлбөр,
төслийн байгууллагууд, мал аж
ахуйн мэргэжилтнүүд, малчдын хамтын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
1.3.5. Хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө санхүү, зардлыг
жил бүрийн орон нутгийн төсөв,
төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх
бөгөөд энэ нь аймгийн нийт төсвийн 2.0 хувиас доошгүй байна.
ХОЁР. Мал аж ахуйн талаар
баримтлах бодлогын зорилго
ЗОРИЛГО: Уламжлалт
мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн
чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, малын чанарыг сайжруулах,
өвчнөөс эрүүлжүүлэх, бэлчээр, тэжээлийн ашиглалт, хангамжийг нэмэгдүүлэх замаар
мал сүргийн байгалийн эрсдэл даах чадавхи, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт,
экспортыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй
хүнсээр, үйлдвэрийг түүхий эдээр ханган, мал аж ахуйн салбарын зах зээлд
өрсөлдөх чадавхийг дээшлүүлж, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд оршино.
Энэхүү зорилгыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
1.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежментийг боловсронгуй болгох;
3.
Малчдыг хөгжүүлэх, нийгмийн үйлчилгээ үзүүлэх;
2.
Мал сүргийн
байгалийн эрсдэл даах чадавхийг
дээшлүүлэх;
2.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежментийг боловсронгуй
болгох зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.1.1. Мал сүргийн чанарыг сайжруулах
2.1.1.1. Мал сүргийн зохистой бүтцийг бий болгох. Хээлтэгч малын хувийн жинг бод малд 38-40 хувь, бог малд 50 хувьд хүргэх, нас гүйцсэн эр
малын хувийн жинг 10 хувиас хэтрүүлэхгүй байх, тэмээн сүргийн эзлэх хувийн жинг
8, үхэр сүргийн эзлэх хувийн жинг 9.0 хувьд
хүргэх, ямаан сүргийн эзлэх хувийн жинг 20
хувиас ихгүй байлгах;
2.1.1.2. Нутгийн монгол малын биологийн ашигтай онцлог
шинж чанарыг бататгах,
үржил селекцийн ажлыг цөм сүрэг
бүхий малчин өрхүүдийг түшиглэн явуулах;
2.1.1.3. Аймгийн хэмжээнд шаардлагатай хээлтүүлэгчийг
тооцож, хангах арга хэмжээ авах, цөм
сүрэг, жишигт тэнцсэн хээлтүүлэгчийн удам гарвал, ашиг шим, эрүүл мэндийн үзүүлэлтээр
мэдээллийн сан бүрдүүлж,
хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
2.1.1.4. Бүрэгхангай,
Дашинчилэн, Хутаг-Өндөр сумдад мал үржлийн үйлчилгээний нэгж байгуулж, бог малын
хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид шилжүүлэх ажлыг шат дараалалтайгаар
зохион байгуулах;
2.1.1.5. Үржилд ашиглаж байгаа баталгаажсан хээлтүүлэгч,
цөм сүргийн малыг
хувийн дугаартай болгон бүртгэлжүүлэх
ажлыг эрчимжүүлэх;
2.1.1.6. Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур,
Бүрэгхангай сумдад тэмээн сүргийг ноос болон уналга эдэлгээний чиглэлээр өсгөн үржүүлэх;
2.1.1.7. Адуун сүрэгт уналга эдэлгээний
болон сүү, махны ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үржлийн ажлыг явуулах;
2.1.1.8. Үхэр сүргийг мах, сүү, мах-сүүний чиглэлээр
өөр дотор нь сонгон үржүүлэхийн зэрэгцээ махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг Сэлэнгэ, Хангал, Бугат, Тэшиг, Хутаг-Өндөр сумдад үндсэн сайжруулагчаар
ашиглах;
2.1.1.9. “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн удмын санг хамгаалах чиглэлээр;
· “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг Герефорд үүлдрийн үхрээр цус сэлбэж, үнээний амьдын жинг 480-500 кг-д
хүргэх;
· Цус сэлбээд гарсан эр тугалаар бух тавих замаар нийт сүргийн ашиг шимийн үзүүлэлтүүдийг
дээшлүүлэх;
· Шилмэл бухнаас үр авч, Малын удмын сангийн үндэсний төвд үр бэлтгэж өгөх замаар
“Сэлэнгэ” үхрийн тархацыг өргөтгөж, тоо толгойг өсгөх ажлыг гүйцэтгэх;
2.1.1.10. Монгол үүлдрийн хонийг өөр дотор нь мах-ноосны чиглэлээр сонгон үржүүлж, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Бугат, Сэлэнгэ, Хангал сумдад “Дархад” үүлдрийн хуцыг, Орхон, Хишиг-Өндөр, Могод, Дашинчилэн,
Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Рашаант сумдад “Баяд” үүлдрийн хуцыг үндсэн сайжруулагчаар
ашиглаж, Бүрэгхангай суманд нарийн ноост “Хангай” үүлдрийн хонийг цэврээр
үржүүлэх;
2.1.1.11. Монгол үүлдрийн ямааг өөр дотор нь сонгон үржүүлж, Орхон, Хишиг-Өндөр, Могод, Дашинчилэн, Бүрэгхангай, Гурванбулаг,
Баяннуур, Рашаант “Өлгийн улаан”, ”Завхан буурал”
үүлдрийн ухныг, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Бугат, Сэлэнгэ, Хангал сумдад
“Эрчмийн
хар” омгийн ухныг үндсэн сайжруулагчаар ашиглан ноолуурын
гарц, чанарыг сайжруулж, Булган суманд сүүний чиглэлийн ямаа үржүүлэх;
2.1.1.12. Мал сүргийн ашиг
шимийн дундаж үзүүлэлтийг өрх, баг, сум, аймгийн түвшинд тогтоох;
2.1.2. Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх
2.1.2.1. Бүсийн болон орон
нутгийн хөгжлийн тулгуур төвүүд, газар
тариалангийн бүс нутгуудад мах, сүүний
чиглэлийн үхэр болон
гахай, шувуу, зөгийн аж ахуй хөгжүүлэх;
2.1.2.2. Сумд эрчимжсэн мал аж ахуй байгуулах бүс нутгийг тогтоож, фермерүүдийг эзэмшлийн газартай болгох;
2.1.2.3. Эрчимжсэн аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуйн
нэгжүүдийг хөрөнгө оруулалт, зээл,
санхүүгийн бодлогоор дэмжих;
2.1.2.4. Шилмэл малын үзэсгэлэн
худалдааг бүсчилэн зохион байгуулж, шилмэл малаа сурталчлах, худалдах, худалдан авах;
2.1.3. Зорилтот зах
зээлийг буй болгох
2.1.3.1. Мал
аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн
боловсруулах
үйлдвэр, цехийг аймгийн төв, сумдад бүсчлэн хөгжүүлэх; /Булган суманд сүүний үйлдвэр, ноос угаах
үйлдвэр, Дашинчилэн суманд мах боловсруулах дунд хүчин чадалтай үйлдвэр байгуулах/
2.1.3.2. Малчид, үйлдвэр эрхлэгчийн шууд харилцааг дэмжиж,
биржийн сүлжээ бий болгох;
2.1.4. Мал сүргийг эрүүлжүүлэх
2.1.4.1. Аймгийн мал сүрэгт зонхилон гардаг халдварт
/боом, цусан халдварт, дотрын халдварт хордлого, галзуу, дуут хавдар/ өвчнөөс сэргийлэх
вакцинжуулалтад хамруулах малын тоог нэмэгдүүлэн, малын өвчлөл хорогдлыг бууруулах;
2.1.4.2. Малын гоц халдварт
үхрийн шүлхий, хонины цэцэг өвчний тандалт, хяналтыг тогтмолжуулж, эрсдэл бүхий
сумдын мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, хонины цэцэг
өвчнийг устгах, шүлхий өвчнөөс тайван бүсэд хамрагдах;
2.1.4.3. Хутаг-Өндөр
сумын “Гуртын гүүр” дэх Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн үйл ажиллагаа,
Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Орхон зэрэг төв зам бүхий сумдад малын шилжилт хөдөлгөөн, малын гаралтай түүхий
эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хянах ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах;
2.1.4.4. Аймгийн Мал
эмнэлэг, ариун цэврийн лабораторийн стандартын шаардлагад нийцсэн био аюулгүй
3-р зэргийн лабораторийн барилга барьж, ашиглалтад оруулан, эмч, мэргэжилтэн нарын
ажиллах нөхцлийг сайжруулах, оношлогоо, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх сүүлийн
үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох;
2.1.4.5. Архаг халдварт
өвчний тандалт шинжилгээг хийж, Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал сумдад адууны
халдварт цус багадах өвчний халдварлалтын түвшинг тогтоох, аймгийн нийт хээлтүүлэгч
малыг бруцеллёзын шинжилгээнд жил бүр хамруулснаар дээрхи 2 өвчний халдварлалтыг
бууруулах;
2.1.4.6. Мал амьтны
өвчлөл, хорогдолын шалтгааныг цаг алдалгүйгээр орон нутагт оношлох, тандалт шинжилгээг
хийх хөдөлгөөнт лаборатори ажиллуулах;
2.1.4.7. Мал сүргийг
дархлаажуулах ажлыг лабораторийн түүвэр шинжилгээгээр тогтоож, мониторинг хийх замаар
урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг тухай бүрт нь тооцож, малын эмч, малчид,
мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж байх;
2.1.4.8. Баталгаагүй
эм, тарилга хэрэглэдэг явдлыг таслан зогсоож, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх;
2.1.4.9. Аймгийн Мал
эмнэлэг, ариун цэврийн лабораторийг итгэмжлүүлэн, эмч, мэргэжилтэн нарын шинжилгээ,
оношлогооны ур чадварыг нэмэгдүүлэх;
2.1.4.10. Мал эмнэлгийн
эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, ХААИС-ийн
Мал эмнэлгийн сургуультай хамтран паразиттах болон зарим орогномол, халдваргүй өвчнийг
судлан эмчлэх, урьдчилан сэргийлэх арга зүйг боловсруулан орон нутагт хэрэгжүүлж,
мал сүргийг эрүүлжүүлэх;
2.2. Малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, нийгмийн үйлчилгээ
үзүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг
хэрэгжүүлнэ.
2.2.1. Малчдыг хөгжүүлэх,
тэдний сэтгэлгээнд өөрчлөлт гаргах
2.2.1.1. Малчдад зориулсан сургалтын
танхим байгуулах;
2.2.1.2. Малчдад танхимын, талбайн, бүсчилсэн, шавь сургалтуудыг мэргэжлийн
байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
2.2.1.3. Малчдын залуу халааг бэлтгэж, мал маллагааны уламжлалт болон дэвшилтэт арга
ухаанд сургаж мэргэшүүлэх;
2.2.1.4. Зах зээлийн үед мал аж ахуйгаа зөв менежментээр
авч явах мэдлэг чадвартай болгох;
2.2.2. Мал аж ахуйн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлж, ажлын байраар хангах
2.2.2.1. Сумдын мал
эмнэлэг, үржлийн тасгийг 3 орон тоогоор нь ажиллуулах;
2.2.2.2. Сум бүрт мал
үржлийн нэгж байгуулах;
2.2.2.3. Мал аж ахуйн
мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах, гадаад дотоодод туршлага судлуулах ажлыг тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах;
2.2.3. “Төрөөс малчдын талаар
баримтлах бодлого”-ыг сум орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малчдад үзүүлэх төрийн үйлчилгээний чанар
хүртээмжийг сайжруулах;
Үүнд:
2.2.3.1. Малчдын эрүүл мэндийн талаар:
·
Явуулын
амбулаториор малчдыг нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулах;
·
40-өөс дээш насны иргэдийг “Артерийн гипертензи”, “Чихрийн
шижин хэв шинж-2” эрт илрүүлэг үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг шат дараатай
зохион байгуулах;
·
Малчин өрхийн зорилтот насны эмэгтэйчүүдийг умайн хүзүү, хөхний
өмөнгийн эрт илрүүлэгт бүрэн хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах;
·
Багийн хөгжлийн төвд хүний бага эмчийн ажлын өрөөг бий болгож,
зайлшгүй шаардлагатай эм, тоног төхөөрөмжөөр хангах;
·
Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, 3 жилд нэг удаа эмнэлгийн
тусламж үйлчилгээ аваагүй малчдыг эрүүл мэндийн иж бүрэн оношлогоонд хамруулах;
·
Хүн, малын бруцеллёз өвчнийг эрт илрүүлэх оношлуураар хангах,
эмчлэн эрүүлжүүлэх ажлыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион
байгуулах;
2.2.3.2.
Боловсролын талаар:
·
ХАА-н мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран малчдад
сургалт зохион байгуулах;
·
Малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх, “Гэр” цэцэрлэг ажиллуулж,
сургуулийн өмнөх боловсрол олгох;
·
Ерөнхий боловсролын сургуульд сурдаг малчдын хүүхдүүдийг дотуур
байранд суух боломж, нөхцлийг бүрдүүлэх;
·
Малчдыг насан туршийн боловсролын хөтөлбөрт хамруулах, бичиг
үсгийн болон дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамруулах;
·
Малчдыг мал аж ахуйн үйлдвэрлэлд мэргэшүүлэх, сургалтанд хамруулах,
үнэмлэхжүүлэх;
·
Малчин өрхөд илүүдэлтэй байгаа ажиллах хүчийг өөрсдийн сонирхлын
дагуу төрөл бүрийн сургалтанд хамруулж, мэргэжил эзэмшүүлэх, ажлын байртай болоход
нь дэмжлэг үзүүлэх;
2.2.3.3. Хөдөлмөр
эрхлэлтийн талаар:
·
Цөөн малтай, орлого
багатай малчдыг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулах;
·
Малчдыг сайн дурын болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах ажлыг шат дараатай
зохион байгуулах;
·
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, жижиг, дунд үйлдвэрүүдийг
орон нутагт байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх;
·
Малчдад малдаа дулаан байр барих зураг төсөл боловсруулах, өвөлжөө, хаваржаа
барих газрыг сонгох зэрэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
·
Малчид ах дүүс, айл, саахалтаараа нэгдэж бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулан өвлийн
бэлтгэл хангах, өвс хадлан бэлтгэх, отор нүүдэл хийх, түүхий эд, бүтээгдэхүүнээ
боловсруулах, борлуулах, худаг, уст цэг гаргах, хөв, цөөрөм байгуулах зэрэг ажлыг
гүйцэтгэхэд хамтын хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ
хорших хэлбэрийг дэмжих, хоршооны менежерийг бэлтгэх;
2.2.3.4. Соёл, урлагийн
талаар:
·
Алслагдсан багт нүүдлийн номын сангийн үйлчилгээг хүргэж, ажиллах орчин, нөхцлийг
бүрдүүлэх;
·
Мэргэжлийн урлагийн үйлчилгээг тогтоосон цаг хугацаанд хүргэх;
·
Угийн бичиг хөтлөх үйл ажиллагааг нийт өрхийн дунд үе шаттайгаар зохион байгуулах;
2.2.3.5. Бусад чиглэлээр
·
Малчдад шинээр өвөлжөө, хаваржаа барих газар олгох асуудлыг
тухайн багийн ИНХ-аар хэлэлцүүлж, гарсан саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэх;
·
Өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад
шилжүүлж, худалдахгүй байх;
·
Малын хулгайтай нутаг ус, голоороо хамтран тэмцэх, мэдээлэлийг холбогдох байгууллагад
хүргэдэг байх сэтгэлгээг бий болгож, бод малын зүсмийн бүртгэл хөтлөх;
·
Малчдад малын
индексжүүлсэн
даатгалын ач холбогдлыг сурталчлах,
сайн дурын үндсэн дээр малаа даатгуулах сонирхлыг бий болгох;
2.3. Мал
сүргийн байгалийн
эрсдэл даах чадавхийг
дээшлүүлэх
зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.3.1. Тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх
2.3.1.1. Хадлангийн талбайг хашиж, хамгаалах, усалж бордох замаар ургацыг нэмэгдүүлэх ажлыг малчид болон төсөл,
хөтөлбөрийн байгууллагуудтай
хамтран зохион байгуулах;
2.3.1.2. Тэжээлийн ургамал тариалах сонирхолтой
аж ахуйн нэгж, малчдыг чанартай үрээр хангах, овъёос, царгас зэрэг уургийн агууламж ихтэй нэг
ба олон наст ургамал тариалах ажлыг өргөтгөх, тарималын сэлгээнд малын
тэжээл тариалах;
2.3.1.3. Үйлдвэрийн гаралтай тэжээл үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэхийн зэрэгцээ,
тэжээлийн үйлдвэрийн хүчин чадлыг
сайжруулах;
2.3.1.4. Орон нутгийн түүхий эдэд тулгуурлан бүрэн
найрлагат эрдэс тэжээл үйлдвэрлэх,
бага оврын цех байгуулж, мал
сүргийг микро, макро элементийн дутагдлаас сэргийлэх;
2.3.1.5. Малчин өрх бүр хонин толгойд шилжүүлсэн нэг
мал тутамд 1 кг өвс, тэжээлийг 3 хоног тэжээхээр тооцож нөөц бүрдүүлдэг
болох;
2.3.2. Бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулах
2.3.2.1. Бэлчээрийн даацад тохируулан мал сүргийн тоон өсөлтийг тогтворжуулах бодлого барьж, малыг эдийн
засгийн эргэлтэнд оруулах, дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэх;
2.3.2.2. Бэлчээр ашиглалтын хэсгийг шинэчлэн тогтоож,
хэсгийн ахлагчийг томилон, бэлчээр ашиглалтын хэсэгттэй газар ашиглах гэрээг байгуулж,
жил бүр дүгнэх.
2.3.2.3. Сум
дундын отрын бүс нутаг байгуулж,
ашиглах;
2.3.2.4. Өвөл, хавар, зун, намрын бэлчээрийн бүс нутгийг
тогтоох;
2.3.2.5. Бэлчээрийн ургацын байдалд хийсэн фото мониторингийн
дүнг үндэслэн талхлалт,
давталтанд орсон бэлчээрийг амрааж өнжөөх, сэлгэж ашиглах талаар газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, нөхөн сэргээх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;
2.3.2.6. Атаржсан талбайд
олон наст ургамал тариалж, бэлчээрт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
2.3.2.7. Бэлчээрт хөнөөл учруулдаг мэрэгч амьтадтай тэмцэх арга
хэмжээг байгаль орчинд халгүй
технологиор гүйцэтгэх;
2.3.3 Усан хангамжийг сайжруулах
2.3.3.1. Усгүйгээс ашиглаж чадахгүй байгаа бэлчээрт мэргэжлийн байгууллагаар уст цэгийн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгүүлж, худаг гаргах, зам давааг
засах;
2.3.3.2. Шинээр худаг гаргахад шаардагдах хөрөнгийн
тодорхой хувийг ашиглагчдаас гаргуулах
замаар эзэмшигч, ашиглагчдын хариуцлагыг өндөржүүлэх;
2.3.3.3. Улсын төсвийн болон төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгөөр шинээр гаргасан болон
сэргээн засварласан худгийн ашиглалт,
хамгаалалт, засварын ажлыг орон нутагт хариуцуулж, ашиглуулах;
2.3.3.4. Цас, борооны
ус хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах ажлыг
орон нутгийн төсөв, малчдын
оролцооны хөрөнгөөр хийж,
төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын дэмжлэг туслалцааг
ашиглах;
2.3.3.5. Өөрсдийн хүчээр гар худаг гаргасан, хөв, цөөрөм байгуулсан малчдыг урамшуулах эдийн засгийн хөшүүрэг
бий болгох;
ГУРАВ. Бусад
3.1. Малын генетик нөөцийн
тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлагдсан үед зохих нэмэлт зүйлийг
оруулах;
3.2. Малчдаас малын
хөлийн татвар авах асуудлын талаар санал боловсруулж, тус тойргоос сонгогдсон УИХ-ийн
гишүүнд асуудал болгож тавих;
ДӨРӨВ. Санхүүгийн эх үүсвэр
3.1. Улс, орон нутгийн төсөв
3.2. Сум хөгжүүлэх сангийн
хөрөнгө
3.3. Мал
бүхий иргэдийн өөрийн хөрөнгө оруулалт
3.4. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан
хөрөнгө
3.5. Гадаадын зээл болон донор орнуудын тусламж
3.6. Аж ахуйн нэгжүүдийн хандив
3.7. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт
Энэхүү мал аж ахуйн талаар баримтлах чиглэлийг хэрэгжүүлэхэд
орон нутгийн төсвийн 2.0-оос доошгүй хувийг зарцуулах бөгөөд энэ санхүүжилтийг малчдын
дунд сургалт, сурталчилгаа явуулах, бүлэг, нөхөрлөл, хоршооны гишүүдэд мэргэжил
арга зүйн туслалцаа, үзүүлэх, үржлийн шилмэл мал авах, мал сүргийг эрүүлжүүлэхэд зарцуулагдана.
ТАВ. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
5.1. Сум бүрт хээлтэгч, хээлтүүлэгчийн
зохистой тохироо бүрдэж эхэлнэ.
5.2. Малчдад үзүүлэх малын чанар сайжруулах үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, тэдний ашиг орлого нэмэгдэх болно.
5.3. Мал сүргийн чанар сайжирч, гоц халдварт болон зооноз
өвчнүүдээс мал сүргийг эрүүлжүүлснээр мал аж ахуйн салбараас хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, үйлдвэрийг
чанартай түүхий эдээр хангах, гадаад орнуудад мал, мах экспортлох боломж бүрдэж
эхэлнэ./хавсралтанд заасан шалгуур үзүүлэлт
хүрэх үр дүнгийн дагуу/
5.4. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо өсч, төв суурин газруудын хүн амын хүнсний
хангамж сайжирч, мал аж ахуйн салбараас үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнд эрчимжсэн
аж ахуйгаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувь хэмжээ нэмэгдэнэ.
5.5. Орон нутагт мэргэжлийн ажил үйлчилгээний зохистой тогтолцоо
бий болж, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чанар,
хүртээмж, үр дүн сайжирна.
5.6. Бог малын тохиромжтой хэвшлийн хээлтүүлэгчээр хангах ажлыг мэргэжлийн
байгууллага, маргэжилтэн нарын хяналт дор төрийн бодлого, зохицуулалттай зохион
байгуулж, малын чанар сайжрах нөхцөл бүрдэнэ.
ЗУРГАА. Удирдлага зохион байгуулалт, хяналт үнэлгээ шинжилгээ
6.1. Бодлогыг удирдан зохион байгуулах, зохицуулах
үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хүлээнэ.
6.2. Бодлогыг сум орон нутгийн түвшинд удирдан
зохион байгуулах, зохицуулах үүргийг тухайн шатны Засаг дарга, түүний Тамгын
газрын Мал эмнэлэг, үржлийн тасаг, хэрэгжүүлэх
ажлыг тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллага аж ахуйн нэгжүүд,
мал аж ахуйн мэргэжилтнүүд,
малчид хариуцна.
6.3. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг Хүнс, хөдөө
аж ахуйн газраас жил бүр гарган, дүнг аймгийн Засаг даргын
зөвлөл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тайлагнана.
6.4. Бодлогын хэрэгжилтийн явц, дүн байдалд аймгийн
Засаг даргын тамгын газрын Хяналт
шинжилгээ, дотоод аудитын хэлтэс жил бүр хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2017 оны IV хуралдааны 01 дүгээр тогтоолын
2 дугаар хавсралт
№ |
Зорилт |
Хэмжих нэгж |
Суурь үзүүлэлт /2016/ |
Хүрэх үр дүн |
|||
2018 он |
2021 он |
||||||
1 |
Нэгдүгээр зорилт. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежментийг боловсронгуй болгох |
|
|||||
Оны эхний мал тоо |
мян. тол |
3485.6 |
3745.2 |
3745.2 |
|||
Үүнээс: Тэмээ |
мян. тол |
1.3 |
1.4 |
1.4 |
|||
Адуу |
мян. тол |
274.2 |
281.6 |
281.6 |
|||
Үхэр |
мян. тол |
293.6 |
308.2 |
308.2 |
|||
Хонь |
мян. тол |
1861.2 |
2047.3 |
2047.3 |
|||
Ямаа |
мян. тол |
1055.1 |
1107.8 |
1107.8 |
|||
2 |
Нэг малаас авах ашиг шим: |
|
|||||
Цэвэр, эрлийз үнээний сүү |
305 хоног/ кг |
1000 |
1000 |
1200 |
|||
Ноолуур |
грамм |
270 |
290 |
300 |
|||
Нарийн, нарийвтар ноос |
кг |
3.0 |
3.0 |
3.5 |
|||
Бүдүүн, бүдүүвтэр ноос |
кг |
1.2 |
1.2 |
1.2 |
|||
Эрчимжсэн мал аж ахуй |
өссөн дүнгээр |
60 |
65 |
70 |
|||
3 |
Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах малын тоог нэмэгдүүлэх |
мян.тол |
731.0 |
1362.2 |
1471.2 |
||
Цэцэг өвчнөөс эрүүлжих, гоц халдварт өвчнөөр тайван бүсэд хамрагдах, |
мян.тол |
15.0 |
700.0 |
0 |
|||
Хорио цээрийн хяналтын цэгийн үйл ажиллагааг тогтмолжуулан, малын шилжилт хөдөлгөөн, түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг бүрэн хянах |
мян.тол |
21.0 |
25.0 |
28.0 |
|||
МЭАЦЛ-ийн өргөтгөл барих био аюулгүй 2-р зэргийн лабораторийн шаардлага хангах |
Баригдсан байх |
Зураг төсөв нь хийгдсэн |
|
Өргөтгөл ашиглалтад орсон байна. |
|||
Адууны халдварт цус багадах өвчний халдварлалтын түвшинг тогтоох |
мян. тол |
0 |
0.5 |
1.0 |
|||
Хээлтүүлэгч малыг бруцеллёзын шинжилгээнд бүрэн хамруулах бруцеллёзоос эрүүлжүүлэх |
мян.тол |
8.0 |
10.0 |
10.0 |
|||
Сум орон нутагт явуулын хөдөлгөөнт лаборатори ажиллуулах |
|
Байнгийн ажиллагаатай болно. |
|||||
Вакцинжуулалтын мониторинг хийх |
мян. тол |
0.4 |
0.5 |
0.5 |
|||
МЭАЦЛ-ийг итгэмжлэлд хамруулах |
удаа |
|
|
1 |
|||
Паразиттах болон халдваргүй өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч явуулах |
мян.тол |
1200.0 |
1300.0 |
1500.0 |
|||
Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж |
ш |
58 |
62 |
64 |
|||
4 |
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцөд түшиглэн боловсруулах үйлдвэр цех, тэжээлийн үйлдвэр бий болгох |
ш |
0 |
10 |
16 |
||
5 |
Хоёрдугаар зорилт: Малчдыг хөгжүүлэх, нийгмийн үйлчилгээ үзүүлэх |
|
|||||
Мал аж ахуйн мэргэжилтнийг давтан сургасан байдал |
хүн |
8 |
12 |
28 |
|||
Малчдыг мэдлэг мэдээлэлээр хангасан байдал |
хүн |
2000 |
2200 |
2500 |
|||
Малчдыг нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулсан байдал |
хувь |
25 |
30 |
50 |
|||
6 |
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрх |
хувь |
6 |
8 |
10 |
||
7 |
Гуравдугаар зорилт: Мал сүргийн байгалийн эрсдэл даах чадавхийг сайжруулах |
|
|||||
Нийт бэлтгэсэн байгалийн хадлан |
мян.тн |
88.5 |
90.0 |
90.0 |
|||
Нийт үйлдвэрлэсэн тэжээл |
мян.тн |
8.5 |
10.0 |
10.0 |
|||
Аймаг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт |
хувь |
55 |
60 |
65 |
|||
Шинээр гаргасан инженерийн хийцтэй худаг |
ш |
18 |
10 |
10 |
|||
Бэлчээрийн хортон мэрэгч амьтантай тэмцсэн талбай |
мян.га |
40.0 |
65.0 |
20.0 |
|||
-оОо-