НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Авлигын эсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр
21.1.Улсын Их Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар батална.
/Энэ зүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг;
3.1.2.“ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;
3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;
3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;
3.1.5.”олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолборыг;
3.1.6. “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг;
3.1.7.“хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил” гэж Авлигатай тэмцэх байгууллагад хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг;
3.1.8. “гүйцэтгэх ажил” гэж Гүйцэтгэх ажлын тухай2 хуулийн 2 дугаар зүйлд заасан ажиллагааг;
3.1.9. “сонгуульд нэр дэвшигч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг.
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан.
4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.
/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БYЛЭГ
Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
5 дугаар зүйл.Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
5.1.Энэ хуулийн 3.1.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
5.1.1.Улсын Их Хуралд хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо, нөхцөлөөр хангах;
5.1.2.төрийн байгууллага авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах;
5.1.3.авлигын асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажилд сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах;
5.1.4.сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, түүнийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх;
5.1.5.албан бус боловсролын байгууллага болон сургуулиас гадуурх сургалт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу авлигын нийгмийн хор аюулыг суралцагчдад тайлбарлан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлэх;
5.1.6.хэвлэл мэдээллийн байгууллага авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйн орчинг төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлэх, энэ талаар байнга мэдээлэл, сурталчилгаа явуулах.
6 дугаар зүйл. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
6.1.Төрийн байгууллага энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
6.1.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай3 хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг;
6.1.2.тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийн бодлого, байр суурийг танилцуулах, хяналтын тодорхой аргыг дэвшүүлэн хэрэгжүүлэх бололцоо олгох зорилгоор харилцан зөвлөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх;
6.1.3.төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;
6.1.4.төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх;
6.1.5.тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах;
6.1.6.төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг Төрийн албаны тухай хууль4 болон энэ хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх;
6.1.7.төрийн байгууллага нээлттэй, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд тавих хяналтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцох, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байх;
6.1.8.авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах;
6.1.9.төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах;
6.1.10.төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байх;
6.1.11.иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх энэ чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.1.12.бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах;
6.1.13.авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.14.энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх, биелэлтийг холбогдох байгууллагад тайлагнах.
/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.2.Төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.
6.3.Шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын агентлаг байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.
6.4. Энэ хуулийн 6.3-д заасан байгууллагын байранд улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
6.5.Авлигаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9,10 дугаар зүйлд заасан эрх, нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
6.5.1.төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;
6.5.2.хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх.
6.6.Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.7.Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө.
6.8.Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
6.9.Энэ хуулийн 6.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг шүүгч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7 дугаар зүйл.Хориглох зүйл
7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:
7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;
7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;
7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;
7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;
7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;
7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;
7.1.8.үндэслэлгүйгээр хөрөнгөжих.
Тайлбар: Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8 дугаар зүйл.Авлигын тухай мэдэгдэх
8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9 дүгээр зүйл. Өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгөх
9.1.Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно.
9.2. Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах
10 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах
10.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.
10.2.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.3.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.
10.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.5.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно.
10.6.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийн хуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана.
10.7.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах
11.1.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:
11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;
11.1.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;
11.1.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;
11.1.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба;
11.1.5.бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан.
11.2.Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн, сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, холбогдох хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгнө.
11.3.Энэ хуулийн 11.1.4, 11.1.5-д заасан хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.
11.4.Энэ хуулийн 11.2-т заасан сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна.
11.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгнө.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12 дугаар зүйл. Захидал харилцааны нууцлал
12.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна.
12.2.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үүрэг хүлээсэн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаанд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөл болон хуульд зааснаас бусад тохиолдолд мэдүүлэг гаргагчийн болон энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг задруулах, ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно.
12.3.Энэ хуулийн 12.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
12.4.Мэдүүлэг гаргагч тэтгэвэр тогтоолгох буюу албан тушаалаас огцрох, халагдах, чөлөөлөгдөх зэргээр бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө, орлогынх нь мэдүүлгийг 5 жилийн хугацаанд хадгалах бөгөөд уг хугацаа дуусмагц түүнийг өөрт нь, хэрэв нас барсан бол эхнэр буюу нөхөр, эсхүл хууль ёсны өв залгамжлагчид нь шилжүүлж өгнө.
13 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл
13.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 11.1.2-т зааснаас бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.
13.2.Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.
13.3.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.
13.4.Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.5.Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.
13.6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар
тайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана.
13.7.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.
13.8.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:
13.8.1.нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.8.2.зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 3О хувиар бууруулах;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.
13.9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх
14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:
/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;
14.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;
14.1.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
/Энэ заалтад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.1.4. ндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
14.1.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
14.1.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
14.1.7.Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
14.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
14.1.9.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
14.1.10.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
14.1.11.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
14.1.12.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
14.1.13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
14.1.14. Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
14.1.15.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;
14.1.16. Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
14.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
14.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч;
14.1.19.Засгийн газрын агентлагийн дарга;
14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга.
14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна.
14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана.
14.4.Иргэд бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч болох бөгөөд тэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална.
14.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил бүр олон нийтэд мэдээлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Авлигатай тэмцэх байгууллага, түүний бүрэн эрх
15 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газар
15.1.Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
15.2.Энэ хуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаа шинжилгээ хийх үүрэг бүхий бүтцийг байгуулж болно.
15.3.Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
15.4.Авлигатай тэмцэх газар бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэх журмыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.
15.5.Авлигатай тэмцэх газар тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
16 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим
16.1.Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална.
16.2.Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
17 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын бүтэц
17.1.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог Улсын Их Хурал батлах бөгөөд урьдчилан сэргийлэх, судалгаа дүн шинжилгээний, хяналт шалгалтын, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын, захиргааны чиглэлийн гэсэн үндсэн бүтэцтэй байна.
18 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх
18.1. Авлигатай тэмцэх газар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1.улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;
18.1.2.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг, чиглэл өгөх;
18.1.3.авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх;
18.1.4.төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
18.1.5.авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх;
18.1.6. авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх;
18.1.7.төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх.
18.2.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиглэлээр дараахь чиг үүрэгтэй:
18.2.1.хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах талаар сургалт явуулах, гарын авлага, зааварчилгаа гаргах;
18.2.2.мэдүүлэг гаргагчийн амаар болон бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдүүлгийг хэрхэн бөглөх, нэмэлт оруулах, бүртгэх, шилжүүлэх талаар урьдчилан зөвлөгөө өгөх, бичгээр хариу мэдэгдэх, асуулт хариултын нууцыг хадгалах.
18.3.Авлигатай тэмцэх газар чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллана.
18.4.Авлигатай тэмцэх газар дараахь бүрэн эрхтэй:
18.4.1.авлигын эсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
18.4.2.авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
18.4.3.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан төрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайланг гаргуулан авах;
18.4.4.аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;
18.4.5.авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
18.4.6.авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах;
18.4.7.хуулиар харьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
18.4.8.чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах;
18.4.9. өөрийн байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
18.4.10.гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу иргэнд ил болсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулан авах, баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;
18.4.11.хуулиар харьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, энэ хуулийн 6.6, 7.1.7, 7.1.8-д заасан зөрчлийг хянан шалгаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.4.12.өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч, бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах;
18.4.13.хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хянах;
18.4.14.хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх журмын биелэлтийг шалгах;
18.4.15.мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, шалгах, хугацаа хожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээг авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.4.16.хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах;
18.4.17.авлигатай тэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох.
18.5.Авлигатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр тодорхой хэргийг цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран шалгаж болно.
18.6.Авлигатай тэмцэх газар нь тодорхой хэрэгт гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, энэ хуульд заасан журмыг баримтална.
19 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тавигдах шаардлага
19.1.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг Авлигатай тэмцэх газрын дарга батална.
19.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч зэрэг дэвтэй байх бөгөөд түүнийг олгох журмыг Улсын Их Хурал батална.
19.4.Авлигатай тэмцэх газрын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.
19.5. /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
20 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тангараг
20.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч томилогдсон даруйдаа "Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.
21 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа
21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.
21.2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигч энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
21.2.1.Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;
/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.2.2. Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.
21.3. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг зөвхөн нэг удаа улируулан томилж болно.
21.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно.
21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
22 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах
22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
22.2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
22.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
22.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
22.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.
23 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрх
23.1.Авлигатай тэмцэх газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах;
23.1.2.Авлигатай тэмцэх газрыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
23.1.3.эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох зарчмын үндсэн дээр гадаад улсын тусгай алба, байгууллагатай харилцан ажиллах;
23.1.4.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
23.1.5.Авлигатай тэмцэх газрын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;
23.1.6.Авлигатай тэмцэх газрын хүний нөөц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах;
23.1.7.гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах;
23.1.8.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу нууц арга, хэрэгсэл ашиглах зөвшөөрөл олгох;
23.1.9.гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах шийдвэр гаргах;
23.1.10.байгууллагынхаа ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
23.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
23.2.Авлигатай тэмцэх газрын даргын түр эзгүйд түүний шийдвэрээр дэд дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
24 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагчийн эрх
24.1.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагч хуульд заасан журмын дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гүйцэтгэх ажилтны эрх, үүргийг эдэлж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах;
24.1.2.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрх, үүргийг эдэлж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах;
24.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын байранд нэвтрэн орох;
24.1.4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний банкинд байгаа данс, гүйлгээг шалгах, түр зогсоох;
24.1.5. хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрөнгө битүүмжлэх;
24.1.6.албан тушаалтан, иргэнээс тайлбар гаргуулах, мэдүүлэг авах, түүнийг албадан ирүүлэх;
24.1.7.албан үүргээ гүйцэтгэх явцдаа хойшлуулшгүй тохиолдолд дипломат төлөөлөгч, төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан, үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламж, гал унтраах алба, техникийн ослын дуудлагынхаас бусад авто тээврийн болон холбооны хэрэгслийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр дайчлах, ашиглах;
24.1.8.албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх;
24.1.9.албан үүргээ гүйцэтгэх явцдаа зорчигч тээврийн болон холбооны хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх;
24.1.10.Авлигатай тэмцэх газрын чиг үүрэгт хамаарах бусад бүрэн эрх.
24.2.Галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурор, Авилгатай тэмцэх газрын дарга хамтран батална.
24.3.Энэ хуулийн 24.1.7-д заасны дагуу хувийн өмчийн тээврийн хэрэгслийг ашигласан бол холбогдох хөлс болон гарсан зардлыг нөхөн төлнө.
25 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
25.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох үйлдлээс гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
25.1.1.нам, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, тэдгээртэй адилтгах бусад байгууллагын гишүүнээр элсэх, удирдах албан тушаалд сонгогдох, томилогдох;
25.1.2.албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон буюу өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах;
25.1.3.удирдлагын тусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлын-хаа талаар нийтэд болон бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулах;
25.1.4.Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албаны болон хувийн ажлаар гадаадад зорчих;
25.1.5.дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний зардлаар аялах, жуулчлах, амрах;
25.1.6.тогтоосон журмыг зөрчиж бусдаас бэлэг дурсгалын зүйл авах.
25.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчид нь хоорондоо нэг гэр бүлийн буюу төрөл садангийн холбоотой байхыг хориглоно.
25.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байх үедээ өөрт нь илэрхий болсон нууцыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно.
26 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд тавих хяналт
26.1.Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана.
26.3.Прокурорын байгууллага нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.
27 дугаар зүйл. Олон нийтийн зөвлөл
27.1.Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана.
27.2.Олон нийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилно.
27.3.Олон нийтийн зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхгүй.
27.4.Олон нийтийн зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахыг хориглоно.
27.5.Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
ТАВДУГААР БYЛЭГ
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны баталгаа
28 дугаар зүйл. Улс төрийн баталгаа
28.1.Авлигатай тэмцэх газрын байранд улс төрийн нам,эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
28.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,үг хэлэх,хэвлэн нийтлэх,шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албандаа хүндэтгэлтэй хандана.
29 дүгээр зүйл.Эдийн засгийн баталгаа
29.1.Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж,үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
29.2.Авлигатай тэмцэх газрын& төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.
29.3.Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.4.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.
29.5.Авлигатай тэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны явцад туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
29.6. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
29.7.Авлигатай тэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.
29.8.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.
30 дугаар зүйл. Нийгмийн баталгаа
30.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
30.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцна.
30.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
30.4.Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.5.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлнө.
30.6.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд гүйцэтгэх ажил эрхэлсэн, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
30.7.Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.
30.8. Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ.
30.9.Авлигатай тэмцэх газарт гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцно.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
30.10.Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд уг хувцасны загварыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
31 дүгээр зүйл. Хууль зүйн баталгаа
31.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
31.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ.
31.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд эрх бүхий байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал тавьсан бол түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Авлигатай тэмцэх газрын дарга шийдвэрлэнэ.
31.4.Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.
32 дугаар зүйл. Бусад баталгаа
32.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрдэм шинжилгээнийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
32.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
32.3.Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан Авлигатай тэмцэх газрын албан хаагч болон гэр бүлийнх нь гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
32.4.Бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.
32.5.Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.
32.6. Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна.
321 дүгээр зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд
321.1.Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина:
321.1.1.Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;
321.1.2.энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар;
321.1.3.Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
ЗУРГАДУГААР БYЛЭГ
Бусад зүйл
33 дугаар зүйл.Авлигын эсрэг хууль тогтоом зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1.Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ:
33.1.1.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
33.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;
33.1.3.энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;
33.2.Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох.
/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34 дүгээр зүйл. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг арилгах
34.1.Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
35 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
35.1.Энэ хуулийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ