Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРЛЫГ НЭЭЖ ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГ

2017-09-19

Энэ танхимд хүндэт зочноор уригдан ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө, Чингэлтэйчүүдээ, 
Чингэлтэй дүүрэг гал голомтоо бадраан, их хотын хойморт эрдэнийн хайрхан уулынхаа алдар нэрийг авсан шинэ дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид та бүхэндээ төрөлх дүүргийнхээ ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 
Төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгөрсөн 25 жилийн түүхийг бүтээсэн эзэд болох үе үеийн ИТХ, түүний Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, дүүргийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан болон өдгөө ажиллаж байгаа хүн бүхэнд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагууд, хамтран ажилладаг ажил хэргийн түншүүд, харилцаат нөхөддөө хүндэтгэлтэйгээр баяр хүргэе. Та бүгдийн үйлс бүтээлээр Чингэлтэй дүүрэг минь урагшлан хөгжиж, өнөөдрийн  цаг үед хүрч ирснийг талархан дурдахдаа таатай байна.   
Итгэл дүүрэн хөдөлмөрийн үр шим, ажил хэрэгч харилцааны үр шим нь өнөөдрийг бүтээснийг бид мартах учиргүй.  
Монгол улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдан гарч, хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаар замнаж эхэлсэн түүхэн үйл явцтай давхцан, их хотын хоймор Их хайрханыхаа өвөрт эрхэм алдраар нь адислагдсан Чингэлтэй хэмээх шинэ дүүрэг мэндэлсэн түүхтэй.  
Та бидний төрөлх дүүрэг, ажиллаж амьдарч буй газар орон минь эх орны нийслэлийн түүхтэй 200 гаруй жилийн амин сэжмээр холбогддог ч Чингэлтэй дүүрэг мэндэлсэн нь 25 жилийн түүхтэй. 25 жилийг өртөөлсөн дүүргийн маань түүх нийслэл Улаанбаатар хот төдийгүй улс Монголын минь хөгжлийн салшгүй нэгэн хэсэг юм. Өнөөдрөөс 25 жилийн тэртээд монголчууд бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг тунхагласан шинэ Үндсэн хуулиа баталж, хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийн замаар замнах хөгжлийн нэгэн шинэ мөчлөгийг эхлүүлсэн билээ. Тэрхүү он цагийн  мөчлөг дээр үүссэн нийслэлийн хамгийн залуу дүүрэг боловч улсынхаа нийслэлийн хөгжилд тод мөр, тодхон замналтай 25 жилийг туулжээ.  
Улиран одсон он жил бүр Чингэлтэйчүүдэд амжилт бүтээл бэлэглэсэн, олон сайхан гэгээн үйлсийг өртөөлсөн билээ. Тэрхүү гэгээн үйлс бүхэн хэзээнээс, хаанаас эхтэй билээ гэвэл эх орны нийслэлд Чингэлтэй дүүрэг галаа асаасан 25 жилийн өмнөх үе цагаас эхлэх нь дамжиггүй. Өмнөх үеийн нандин уламжлалаа өнөд гээхгүй аваас өнөөдрөөр өрнөсөн бүтээн байгуулалт бүхэн ирээдүйн хөгжил дэвшил, сайн сайханд хөтлөхийн учир бий. Өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд Чингэлтэй дүүрэг минь мөнхөд мандан бадрах болтугай.  
Чингэлтэй дүүрэг маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж, дүүргийн маань иргэд аз жаргал дүүрэн амьдарч хөдөлмөрлөх болтугай гэж ерөөгөөд өнөөдрийн ёслол-хүндэтгэлийн ажиллагаа нээснийг мэдэгдье. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%