Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ирж яваа цагийн ЭМЗЭГ СЭДЭВ-Цахим хэрэглээ

2017-11-22

Томчуудын анхаарлыг хамгийн ихээр тaтax ёстой ч нийгэмд хамгийн их орхигдсон, тэр бүр хөндөгддөггүй эмзэг асуудал бол Монголын ирээдүй, хүүхдүүдийн орчин бас хүмүүжил. Орчин цагийн ээж, аавын дийлэнх нь хүүхдүүдээ V-VI анги хүртэл хальтхан анхаарч үүнээс цааш хүүхдийнхээ сурлага, хүмүүжил, төлөвшлийг өөрт нь бас сургууль, багш хоёрт даатгах нь хэвшмэл үзэгдэл болсон. Энэ бол өнөөдрийн Монголын нэг дүр зураг.
    Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд байр сууриа алдахгүйг хичээж, цаг хугацаатай уралдан хөдөлмөрлөх тэднийг бас буруутгах аргагүй. Манай сонин энэ удаа Монгол Улсын ирээдүйг авч явах иргэдийн тулгамдсан асуудлыг хөндөж, удам залгах хүүхдүүд чинь ямархуу цаг үед, ямар хүн болон төлөвшиж байгаа вэ гэдэгт эцэг эхчүүдийн анхаарлыг хандуулахыг зорилоо.


Цаг үеийн тухай товчхон

Мэдээллийг хамгийн бага зардлаар хамгийн хурдтай дамжуулж, ажил, гэрээсээ тэр ч бүү хэл машин дотроосоо ер хаанаас л бол хаанаас дэлхийн өнцөг буланд хүрчихдэг, мэдээллийн технологийн дэвшил, байнгын хэрэглээ интернэтгүйгээр энэ цаг үеийг төсөөлөмгүй.
    2016 он гэхэд манай гурван сая хүн амын гурван хүн тутмын хоёр нь өдөр бүр интернэт хэрэглэж, мэдээ, мэдээлэл авч, түүнийгээ бусдад түгээж, бусадтай хуваалцдаг болсон байна. Энэ бол мэргэжлийн байгууллагуудаас гаргасан статистик.

 Монголын нийт хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь интернэт хэрэглэдэг.   

Ямар ч сайн зүйл муу үр дагавартай байдгийн жишгээр интернэт нийгэмд хөгжил дагуулж ирсэн шигээ цөөн гэж хэлэхээргүй сөрөг зүйлийг ч дагуулж буй. 2015 онд л гэхэд Монголын мэдээлэл харилцааны зах зээлд дөрвөн сая гаруй гар утас хэрэглэгдсэн бөгөөд үүний нэг сая гаруй нь ухаалаг утас байж.
    Харин ухаалаг утас хэрэглэгчдийн 40-45 хувь нь хүүхдүүд. Мөн Монголын нийт хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь интернэт хэрэглэдэг. Энэ баримт хүүхдүүд гар утсаараа дамжуулан олон цагийг интернэт орчинд өнгөрөөдөг, энэ талаар томчуудаас, аав, ээжээсээ огт дутахааргүй гэдгийг харуулж байгаа юм.

Хүүхдүүдийн 41 хувь нь интернэтээс авсан мэдээллээсээ айдаг

Хүүхдийн байгууллагын 2014 онд хийсэн нэгэн судалгааны дүгнэлт өмнө минь дэлгээтэй байна. 130 гаруй мянган хүүхдийн санаа оноо шингэсэн дээрх баримтад юу өгүүлэгдсэн болохыг товчхон мэдээллэе. Хүүхдүүд интернэтээс хичээлээ судалж, гэрийн даалгавараа солилцож, спортын болон энтертайнмент мэдээ үзэж, фэйсбүүкээр аялж найзуудтайгаа холбогдож, телевизийн болон сонин, сайтын мэдээллийг авч хэвшжээ.
Гэвч тэдний 41 хувь нь фэйсбүүк, твиттерээр нийтэд түгдэг сонин, сайтын гэр бүлийн тааламжгүй байдал, хэрүүл, хүчирхийлэлтэй холбоотой гарсан мэдээлэл болон ээж аавынхаа мөн томчуудын элдэв мэдээлэл бүхий постоос айж эмээдэг, ичдэг гэдгээ энд өгүүлжээ.
     Худал үнэн нь үл мэдэгдэм мэдээлэлд төөрч, итгэл үнэмшлээ хурцалж, туйлширч, ижил төстэй үзэл бодолтнуудаар тойрон хүрээлүүлж, инээж хөөрч, уурлаж бухимдаж, ямар нэгэн мэдээллийг няцааж, дэвэргэж суудаг томчууд харин энэ талаар огтхон ч бодож үзээгүй байж мэдэх юм.
    Тиймээс аав ээжүүдэд “фэйсбүүк хэрэглэдэг хүүхдүүдийн 47 хувь нь хоёроос дээш хаягтай. Гэхдээ хүүхдүүд фэйсбүүк хуудсаа зөв ашиглаж чаддаггүй. Элдэв санаагүй хүүхдүүд хувийн мэдээллээ бусдад алдаж, үүнээсээ болж хүүхдүүд чинь бусдад ямар нэг хэлбэрээр барьцаалагдах, хүчирхийлэл, тохуурхалд өртөх” өндөр эрсдэлтэй тулгарахад бэлэн болсон байна гэдгийг дуулгах нь зөв болов уу.

Цахим тоглоомын найзууд

Миний хүүхэд чөлөөт цагаа номын сан, бассейн, спортын секц талбай, хүүхдийн тоглоомын талбай, спорт, хөгжим, бүжгийн дугуйлан секц, гэртээ, амралтын бааз, кино театрт өнгөрөөдөг гэж хэлэх, үүнийгээ баталгаажуулах аав, ээжүүд бий. Гэвч үнэн хэрэгтээ хүүхдүүдийн дийлэнх нь PC тоглоомын газрыг чөлөөт цагаа өнгөрөөх орчин гэж үздэг байна.
   Хүүхдүүд кино театрт очихыг хүсдэг ч үнэ нь өндөр учраас тэр бүр чаддаггүй. Тиймээс тэд үнэ хямд бас сонирхолтойг бодож цахим тоглоомын газрууд руу хошуурсаар цөөнгүй жил болж байгаа. 2015 оны байдлаар нийслэлд 500 гаруй цахим тоглоомын газар ажиллаж байсан бол хөдөө аймгийн төвд багадаа 16 түүнээс дээш ийм төрлийн газар ажилладаг юм байна. Энэ баримт Монголын ирээдүйг авч явах идэр үеийн дийлэнх нь оюун ухаанаа доройтуулж, донтуулдаг PC тоглоомын газрыг дотны найзаараа сонгосныг харуулж байгаа юм.
   Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв сүүлийн жилүүдэд сэтгэцийн өвчний цоо шинэ төрлийг тусгайлан судалж, эмчлэх болсон нь PC тоглоомд донтсон хүүхдүүдэд хамаарна. Ийм нэр томьёо бүхий бүртгэл дунд “хурц хэлбэрээр донтсон хүүхдүүд” гэсэн бас нэг ангилал бий. Эмч нарын ярьж байгаагаар цахим тоглоомын донтой болсон хүүхэд андашгүй байдаг гэнэ.
   Ийм өвчтэй болсон хүүхдүүд худлаа ярих хулгайд  уруу татагдах, зан ааш нь эвдэрч, айж эмээх мэдрэмжгүй болдог төдийгүй зармынх нь өвчин мансуурах байдлаар ч илэрдэг аж. Хүүхдүүд PC тоглоомд донтох нэг хэрэг. Аймшигтай нь тэдний хараа, сонсгол давхар муудаж, мэдрэлийн хэт ядаргаанд орж, нүүр, ам нь татаж, ухаан алдаж, хий юм хардаг болчихдог аж. Нэгэнт ийм өвчнөөр өвдсөн бол эмчилгээ автлаа бага биш хугацааг туулдаг нь эмгэнэлтэй.

Ирээдүйн иргэдийн далд гуниг

Хүүхдүүдийн ирээдүй бүхэлдээ гэрэл гэгээгүй, өнгөгүй болчихсон уу гэвэл бас үгүй. Нийслэл, орон нутагт хүүхдүүд чөлөө цагаа өнгөрүүлж, авьяасаа хөгжүүлж, өөртөө итгэх итгэл олж авахад тусалдаг төрөлжсөн хичээлийн болон хөгжим, бүжиг, спортын дугуйлан бассейн, цөөн тооны номын сан ажиллаж байгаа. Эдгээр сургалтын баазыг чанартай, чанаргүй гэж ялгахаас илүү хүүхэд бүр өөрийгөө нээж, авьяасаа хөгжүүлэх нэмэлт сургалтад хамрагдаж чаддаг уу, үгүй юу гэдэг асуудлыг хөндөх нь зөв байх.
   Өөрсдийгөө нээж хөгжүүлэх нэмэлт сургалт, секц, дугуйланд нийслэлийн хүүхдүүдийн хувьд голдуу хувийн сургуулийн болон хотын төвийн хүүхдүүд хамрагдаж чаддаг бол Баянхошуу, Чингэлтэй, Шархад зэрэг гэр хорооллынхон тэр бүр хамрагдаж чаддаггүй. Яагаад вэ? гэдэг асуултад хүүхдүүд “ар гэрийн боломж бололцоо муу, нэмэгдэл сургалтын төлбөр болон өдөрт зарцуулах автобусны мөнгө олддоггүй” зэрэг шалтгааныг хариулт болгон өгчээ.
   Үүнээс гадна тэд сургууль дээр нь секц, дугуйлан ажиллавал дуртайяа хамрагдах хүсэлтэй. Гэрээсээ хол явалгүй хичээл тарангуут секц, дугуйландаа суух нь сайхан боловч нэмэгдэл, илүү цагийн хөлсгүй багш нарт нэмэлт сургалт явуулах сонирхол байдаггүй гэж гунигтайгаар мэдэгдсэн байх юм.

Хүүхдийн “дайсан”

Нийт хүн амын талаас илүү нь нийслэлдээ шаван төвлөрсөн явдал нь Монголын ирээдүйн эздийн эрүүл мэндэд ноцтой аюулыг даллан дуудаж байгаа. Хотжилт, хүн амын нягтаршил хүүхдүүдийн хувьд жинхэнэ “дайсан” болсон гэж хэлж болно. Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс долоо дахин, Монгол Улсын үндэсний стандартаас гурав дахин их гэдгийг албаныхан олон ч жил ярьж байгаа. Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин, харшил, бөөр, шээсний зам, дотоод шүүрэл, шүдний эмгэг, төрөлхийн гажиг хөгжил, хавдрын өвчлөл элбэг тохиолдох болж, тэдний дархлаа алдагдаж, бие бялдрын өв тэгш хөгжил нь гажиж байгааг эрүүл мэндийн байгууллагууд сануулаад удаж байна.
   Зөвхөн 2014 оны байдлаар жилд 130 орчим хүүхэд агаарын бохирдлын нөлөөгөөр нас барсан бол Улаанбаатарын утаа ургийн өсөлтөд маш хортой тусаж, хүүхдүүд цоо эрүүл төрөх нь маш ховор үзэгдэл болчихоод байна. Гэвч агаарын бохирдол нийслэлийн хүн ам, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг гэдгийг ээж аавууд дурдах нь өдрийн од шиг цөөн.
   Хүүхдийнхээ төлөө иргэн та л үг хэлэхгүй бол өөр хэн ч дуугарахгүй нь тодорхой. Шийдвэр гаргагчид иргэдийг агаарын бохирдлоо бууруул гэж хатуухан шаардах вий гэхээс болгоомжилдог бол яасхийж өнөө маргаашаа аргацаах вэ хэмээн түүртэж яваа монголчууд энэ талаар бодох манатай сууцгааж байгаа нь аймшиг.

Танд юу бодогдож байна?

Энэ бүхэн ирж яваа цагийнхны тулгамдсан асуудал. Үүнээс гадна цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, боловсролын тогтолцоо, хүүхдийн эрх гээд яривал цөөнгүй асуудал нэмэгдэнэ. Ирээдүйн иргэд хүүхдүүдийн өмнө ийм асуудал хуримтлагдаад удаж байхад томчууд, шийдвэр гаргагчид тэдний төлөө юу хийдэг вэ?.
“Цаана чинь хүүхэд хэцүүдлээ” гэсэн тод дуу хоолой улс орны хэмжээнд жил жилийн намар ганцхан удаа сонсогддог гэвэл хатуудсан болохгүй байх. Энэ дуу хоолой хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн Төрийн ордноос сонсогдож, хэвлэл мэдээллээр дамжин өртөөлж, орон даяар түгдэг.

Цэцэрлэгийн насны хүүхдийн 50 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй нь.

Жишээ нь: Сүхбаатар аймагт сургууль цэцэрлэг барина, нийслэлд бас дутагдаж байгаа. Цэцэрлэгийн насны хүүхдийн 50 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй нь. Сурагчдын форм, цүнхийг хэн үйлдвэрлэх вэ” хэмээн уралдан мэдэгдэх эрхэм гишүүд, түшмэдийн энэ уухайг хүүхдийн асуудалд зовсон сэтгэл гэж ойлгохоос илүү дараа оны улсын төсөв хуваарилах цаг ойртсонтой холбож бодсон нь шулуухан. Гэхдээ бас ийн дуугарсны үр дүн огт гардаггүй гэж хэлж болохгүй.
   Явсан нохой яс зууна гэдэг шиг хүүхдийн асуудал хөндсөн гишүүд тодорхой тооны цэцэрлэг, сургуулийн барилгыг шийдүүлсэн байдаг. Гэвч тэдний асуудал үүгээр хэмжигдэхгүй юм. Сурч хөгжих ордон, авьяаслаг хүүхдүүдийг улс орны тусгай бодлогын дагуу хөгжүүлэх орчин, сайн багштай байх, багш нь цалинтай байх хүүхдүүд эрүүл өсөж бойжих ёстой.
   Сүүлийн 25 жилийн түүхэнд нэг ч Засгийн газар энэ ажлыг санаачилж хэрэгжүүлээгүй. Эсрэгээр хүүхдийн гэсэн тодотголтой байшин сав болгоныг хувьчлаад тараачихсан. Энэ цагийнхан ирээдүй үеэ ийм дүр зурагтай угтаж байна. Танд юу бодогдож байна?


Эх сурвалж: Д.Отгонжаргал “Өглөөний сонин”

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%