Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭМНЭЛЭГТ ШҮТСЭН ТОГТОЛЦООНООС ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТҮШСЭН НИЙГМИЙН ТОГТОЛЦООНД ШИЛЖИХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА

2017-11-28

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаатай салбарын асуудлаар ярилцлаа.

-Таны эрүүл мэндийн салбарт хөл тавьж, бас энд хөгжиж, шат ахисан талаар ярилцлагаа эхлэх үү?

-Баярлалаа. Би АУИС-ийг 1998 онд төгсөөд Архангай аймагт ирж, аймгийн ЗДТГ-ын газарт эрүүл мэндийн бодлого хариуцсан түшмэлээр ажилд орж байлаа. Жил гаруй хугацаанд ажилласан. Тэр үед аймгуудын Эрүүлийг хамгаалах газар татан буугдсан байсан үе. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн асуудлыг нэг л мэргэжилтэн хариуцдаг байлаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар аймгуудад Эрүүл мэндийн газруудыг байгуулагдаж, бүтцийн энэ өөрчлөлтийн дараа Эрүүл мэндийн газрын орлогч даргаар томилогдож очсон. 15 жил орлогчоор ажиллаад 2012 онд газрын даргаар томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Архангай аймгийн эрүүл мэндийн салбартай миний 20 жилийн хөдөлмөр салшгүй холбоотой. 1998 онд авч байсан салбар өнөөдрийн хувьд чанарын хувьд өөрчлөгдсөн. Тусламж үйлчилгээний цар хүрээ, төрөл, хүний нөөцийн чадавх, техник технологи гээд олон зүйл дээр өөрчлөлт гарчээ. Цаашдаа ч сайжруулах зүйл их бий.

-Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажилладаг энэ салбар бол том айл. Өрхийн тэргүүнээс тэр айлын өөдтэй байх эсэх нь шалтгаалдаг гэдэг. Өдий дайтай авч явахад салбарын давуу тал юу байв?

-1500-гаад ажилтантай том салбар. Олон шилдэг эмч, мэргэжилтнүүдтэй, хүний нөөцийн хувьд чадавх сайтай. Энэ бол давуу тал. Дээр нь хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хүсэл эрмэлзлэл чухал. Манай салбар тангараг өргөдөг цөөхөн салбарын нэг. Тиймээс бидний ажилдаа гаргах чин сэтгэл, ёс суртахуун бусад салбараас харьцангуй өөр. Гэхдээ хөрөнгө зарахгүйгээр өөрчилж болох ёс зүй, харилцаа хандлагын асуудал дээр цаашид сайжруулах зүйлүүд ч энэ салбарт бий.

1998 онд энэ салбарыг авахад хуучин сумын ЭМТ-үүдийн бүтэц хэвээрээ, Оросын Семашко загвар хадгалагдсан байсан нь давуу тал болсон. Мөн маш тогтвортой удирдлагатай байсан нь давуу тал юм. Миний өмнө энэ салбарыг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Дагвасүмбэрэл 36 жил удирдсан.

-Давуу талаас гадна олон бэрхшээл бас бий байх л даа?

-Саад бэрхшээлүүд бий. Газар нутгийн алслагдмал байдал, хөдөө орон нутаг дахь эмчийн тоо цөөн,1998 онд сумын эмнэлгүүдийн материаллаг бааз, хөрөнгө оруулалт маш их суларчихсан, шинэ засгийн газар бүрдээд дөнгөж хөлөө олох гээд, дахин дахин Засгийн газраа огцруулаад мэргэжлийн удирдлага, салбарын тогтолцоо суларчихсан үед ажил авсан. 2000-2004онд Эрүүл мэндийн сайд, академич П.Нямдаваа салбарыг удирдаж, тухайн үед сөхөрчихсөн байсан сумын эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийг босгосон. Тэр үед сумын ЭМТ-үүд хүнд байлаа. Эмнэлгийн барилга дээврээс нь ус гоожно, засвар огт хийгдээгүй, 6 сарын хугацаанд ажилчид цалингаа аваагүй, шатахуун, эмийн өртэй үе байсан. Ийм л үед суурь тусламжийн нэгжээ сайжруулах бодлого гаргаж, багийн эмчийг дэмжих, сумын эмнэлгийг дэмжих жил гэж үе шаттай, тогтолцоо болгоноор нь харж, тухайн үед барьж байсан бодлогыг орон нутагтаа хичээж хэрэгжүүлсэн.

Байгалийн зуд, гамшиг, ялангуяа манай аймаг тарваган тахлын голомттой, хэзээ ч гарч болзошгүй эрсдэл байв. Ажиллах хугацаанд тарваган тахлын таван удаагийн том халдвар гарч, голомтод ажиллаж, багаа удирдаж ажилласан ч үе бий. Бэрхшээлүүд байсан ч одоо бол харьцангуй жигдэрсэн байна.

-Зорилго тавиад түүндээ хүрэх тусам илүү томыг зорьсоор байдаг. Буй болгосон амжилт дээр тулгуурласан хэтийн зорилгын тухайд?

-Энэ жилийг бид “Эрт илрүүлэг, эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. 1998 онд энгийн иргэн байтугай мэргэжлийн хүмүүс нь нийгмийн эрүүл мэнд гэдгийг ойлгодоггүй, ийм л салбар байсан. Одоо бол нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр мэргэжлийн салбар, байгууллага болгон тэргүүлэх чиглэлээ болгоод ажилладаг болжээ. Энэ чиглэлээр хүмүүс бэлтгээд, тодорхой чиглэлд хөрөнгө зарцуулдаг болчихсон байна. Миний хувьд 15 жил нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлийг хариуцан ажилласан. Өнөөдөр нийгмийн эрүүл мэндийг дэмжих ажил төлөвшсөн нь сайн хэрэг.

-Нийгмийн эрүүл мэндийн талаарх ойлголт өнөөдөр тодорхой хэмжээнд төлөвшжээ. Энэ бол жил жилд тодорхой зорилтот ажлыг хийсний үр дүн байж таараа. Газрын даргын ажлыг авах жилээ ямар зорилтот жил болгож, ямар үр дүнд хүрч байсан юм бол?

-2012 оны газрын даргын ажлыг аваад “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” гэж зарлаж байсан. Ер нь ямар өндөрлөгөөс харах нь чухал. Ажлаа аваад салбарыг бүтнээр нь олж харах, манлайллыг бий болгох чиглэлээр нэлээд бодолхийлээд салбарын үндсэн статистик, бага хэлбэрээр явсан болон үндэсний хэмжээний судалгаануудын дүнг харж байгаад оновчлолоо хийсэн.

2012 онд Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд гадаадын олон байгууллага руу хүсэлт илгээсэн. Францын Санте сюд, Санофе сан, Монаккогийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр“Эсэн мэнд амаржихуй” гэдэг төслийг 2012 онд 435,0 мянган еврогийн, гурван жилийн хугацаанд хэрэгжих төсөл эхлүүлсэн. Нийтдээ 17 сумын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хэрэгжсэн. Үүнтэй холбоотой сүүлийн таван жилд эх, хүүхдийн эндэгдэл буурсан. 2015 онд эхийн эндэгдэлгүй ажиллаж, оны ажлаараа улсдаа тэргүүлсэн дээ. Эдгээр үр дүнгүүд олон хүчин зүйлээс шалтгаалсан. Ганцхан аймгийн ЭМГазар сайн ажилласан ч хэрэг биш. Нэгдсэн эмнэлгийн эмч нар, сум, өрхийн ЭМТ-үүд, сум дундын эмнэлгүүд маш их зүтгэж ажилласан. Францын уг төслөөр бүх сумын эмнэлгийг нярайн дулаан ширээ, яаралтай тусламжийн нэн шаардлагатай багажуудаар хангасан. Нярай үеийн шарлалттай холбоотой хүндрэл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фотоэмчилгээг нэвтрүүлсэн гээд шинэ технологиудыг харж, тухайн асуудлуудтай холбоотой шийдлүүдийг гаргасан нь үр дүнгээ өгсөн.

-Салбарт дэвшил авчирсан ажлууд зах зухаасаа мэдэгдэж байна. Ер нь Архангайн эрүүл мэндийн салбарын ололт, амжилт өнөөдөр ямар түвшинд байнавэ?

-Цаашдаа сайжруулахаар зүйлүүд байгаа л даа. Бид шинэ төлөвлөлтүүд хийгээд, зорилт тавиад явж байна. Монгол улсад загвар болгосон зүйлүүд бий. Бид 2009 онд аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратегийг таван жилээр төлөвлөж, аймгийн ИТХ-аар батлуулсан.Тухайн үеийн эрүүл мэндийн сайд ирж, аймгийн удирдлагууд, салбарын удирдлагууд оролцоод том зөвлөгөөн хийгээд төлөвлөгөөгөө танилцуулж байсан. Монгол улсын эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг орон нутагт хэрхэн хөрвүүлж, орон нутгийн хөгжлийг яаж тодорхойлох вэ гэдэг энэ аргачлалыг анх удаа манайх загвар болгож хийсэн юм. Ингээд манай загвараар бусад аймаг төлөвлөлтөө хийж эхэлсэн дээ.

Мөн сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийн үндэсний сүлжээг бүрдүүлэх загвар төслийг бид санаачилж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжээд хэрэгжүүлсэн. Сая шинэ сайд сорьц тээвэрлэлтээр чирэгдлийг бууруулах, зөв тогтолцоог бий болгох, шинэ шатанд гаргах тушаал гаргасан байна. Үүнийг хэрэгжүүлэхэд манайд хэрэгжүүлж байсан туршлага ач холбогдлоо өгч байгаа.

Дараа нь Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент гэдэг төслийг бид анх 2010 онд загвар болгон туршиж хэрэгжүүлсэн. Энэ төсөл үндэсний хэмжээнд тогтолцоо болж хэрэгжээдМянганы хөгжлийн зорилтод хүүхдийн нас баралтыг бууруулах, ялангуяа эрт нярайн эндэгдлийг бууруулах зорилтдоо Монгол улс хүрсэн. Энэ бол үр дүн юм.

Мөн 2012 онд хэрэгжүүлсэн Францын төсөл маань аргачлалтай байсан. Эмнэлгийн байгууллагыг хөгжүүлэх хөгжлийн төслийг боловсруулах аргачлалыг төсөл дээр ажиллаж байсан зөвлөхүүдтэйгээ хамтраад бичсэн. Энэ аргачлалын дагуу бүх сумын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг хөгжлийн төсөлтэй болсон. Энэ аргачлал бусад аймаг орон нутагт загвар болсон.

-Сумдын эрүүл мэндийн төвүүдийн хөгжлийн төслийн талаар тодруулаач?

-Хуучин дарга төлөвлөдөг байсан бол энэ төлөвлөлтийг доороосоо, эмнэлгийн үйлчлэгч, асрагч, жолооч, эмч, сувилагч гээд бүх ажилтны оролцоотой, мөн иргэдээс нь санал аваад, хэрэглэгч буюу өвчтөнүүдийн оролцоотой боловсруулсан төсөл. Сумын эмнэлгээ, өөрийн ажлын байраа технологи, үйлчилгээ, харилцаа, хөгжлийн хувьд ямар болгомоор байгаагаа хамтраад гаргаж ирсэн. Эмнэлгийн хөгжлийн төслүүдээ англи, монгол, франц хэлээр гаргасан. Дарга бүгдийг шийдэж, аваад өгөх байх, нэг бол яам хөрөнгө оруулалт хийх байх гэж суухгүйгээр бүгдээрээ хамтраад төлөвлөлтөө хийчихсэн учраас сумын эмнэлгийн жолооч хүртэл машинаа сайжруулахын тулд гадны хөрөнгө оруулагч, хандивлагч, жуулчин хэнд ч асуудлаа тавиад санхүүжилт олох боломжтой. Дарга олдог биш, хүн болгон хэрэгжүүлэхийн төлөө мэрийгээд байгууллага нь хөгжих юм бол ажлын байрандаа сэтгэл ханамж авдаг, түүнийгээ үйлчлүүлэгчдэдээ тайлбарладаг байхад зорьж байгаа юм. Ингээд эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн амьд урсгал бий болох үндэс болно гэж үзсэн.

Ер нь хийхийн тал нь төлөвлөгөө шүү дээ. Бид судалгаатай, үндэслэлтэй, нотолгоотой төлөвлөж чадах юм бол ажлынхаа талыг хийсэн гэж үзэж болно гэж боддог. Тиймээс салбарын төлөвлөлтөн дээр анхаарч ирсэн. Тиймдээ ч салбарынхаа төлөвлөлтөөр хөдөө орон нутгийн загвар болоод явж байна гэж хардаг.

-Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим бодлогын чанартай ажлуудад таны болон танай хамт олны оролцоо чамгүй их байна. Хамгийн сүүлд гэхэд “Элэгний эмгэггүй Архангай” төслийг загвар байдлаар хэрэгжүүлж байгаа байх аа?

-ЭМГ-ын даргын тушаал гаргаад төсөл боловсруулах ажлын хэсэг гаргасан. Төслөө маш богино хугацаанд боловсруулсан. Төслийн анхны санааг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гаргаад, манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр эхлүүлсэн. Тооцоо, боловсруулалтыг манайхаас хийгээд бид УИХ-ын даргыг манай аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд ирсэн байхад нь иргэдийн уулзалтан дээр тэдэнд өргөн барьсан.

Энэ онд төслөө дуусгана. Эхний үе шат хэрэгжээд дууссан. Өнгөрсөн өвөл цас зудтай, томуугийн дэгдэлт их хэмжээгээр гарч, эмнэлэг ачаалал ихтэй ч ямар нэг хүндрэл гаргахгүйгээр нийтдээ 17500 гаруй хүнд элэгний С вирусын эрт илрүүлгийг хийлээ. Бэрхшээл байсан. Төслийг ямар ч төсөвгүй, тэг зардлаас зоригтой эхлүүлсэн. Эрт илрүүлэг бол маш бага зардлаар урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аргачилал юм. Мөн МУ-ын ЗГ-ын хөтөлбөрт Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн зорилт байсан. Тийм учраас манайх орон нутагт эрт илрүүлгийг ийм матрицаар хийж болох юм байна гэдгийг загвар болгох зоригийн үндсэн дээр эхлүүлсэн.

Эрт илрүүлэг амжилттай хийгдлээ. Архангай аймагт 40-65 насныхны дунд 3464 С вирустэй хүн байна. Тархалт нь 19,5 хувьтай байна гэсэн дүн гарлаа. Одоо энэ хүмүүст С вирусын идэвхжлийг тодорхойлох шинжилгээ хийж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр сорьц аваад тэдгээрийг тээвэрлэх сүлжээний дагуу төвийн 3-р шатны лавлагаа төвүүд рүү зөөгөөд тоолуулж байна. Одоо эмчилгээний үе шат эхэлчихсэн. АНУ-ын Гилаид саинс компаниас эмийг үнэ төлбөргүй авах гэрээ хийгдэж, хамтрах эрхийн бичгийг эмийн хамт хүлээлгэн өгсөн. Мэргэжлийн эмийн компаниар дамжуулан эмийг олгоно. Идэвхжил нь тоологдсон эхний 200 гаруй хүмүүс эмчилгээндээ ороод явж байна. Он дуусахад идэвхжил тоолох шинжилгээ дуусаад эхний хүмүүсийн эмчилгээ дуусч, эхний үр дүнгүүд гарсан байна гэж тооцож байна. Уг илрүүлэгийг амжилттай  явахад ганц эмнэлэг ч бус орон нутгийн удирдлагууд, олон улсын байгууллагууд ч дэмжиж хичээж байна.

Загвар болгож өнөөдрийн хийж байгаа ажил бол ийм байна. Цаашдаа сорьц тээвэрлэлтийн сүлжээ үүсгэх дээр загвар болохоор зүйлүүдийг хийж байна. Сорьц тээвэрлэлтийн туршлага дээрээ үндэслээд бага зардлаар УБ, гадны улсуудад оношлогдох хүмүүсийн шинжилгээний сорьцуудаа хүнээ шилжүүлэхгүйгээр зөөгөөд Архангайд хийгддэггүй шинжилгээнүүдийг УБ-т хийгээд буцаагаад хариуг нь авдаг болох юм.

-Таныг “би” гэж онцгойроод тэр бүр тайлан тавиад байсныг олж хардаггүй юм. Архангайн эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийн тань зах зухаас ганц нэг удаагийн уулзалтаар сонсож байснаас хэтрэхгүй л дээ?

-Төрийн байгууллагын хайрцаглагдчихсан сэтгэлгээнээс гарахын тулд гадаад харилцаа, түншлэгч олох,  ямар боломж байна гэж эрэлхийлэх нь хамгийн чухал.  Үргэлж төр засаг, яам гээд байх хэцүү. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн 11 сайд, аймгийн долоон Засаг даргатай хамтарч ажилласан байна. Ер нь аливаа ажлыг хийе гээд зүтгэх юм бол арга нь олддог. Гарцгүй юм гэж байхгүй гэж үздэг. Ялангуяа эрүүл мэндийн салбарт өндөр технологи шаарддаг, том багтаамжтай салбартгадаад харилцааг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж харсан. Нэлээд хэдэн олон улсын байгууллагатай хамтарч ажилласан. Харилцаа маань амжилттай болсон. Энэний үр дүнгээр төрөөс мөнгө гаргахгүйгээр хийх шинэ технологиуд, тулгамдсан асуудал руугаа оновчлох, түншлэнгээ ганцхан өөрөө биш багаараа суралцах, бусад орны шинэ технологи соёлыг салбартаа оруулж ирэх, тэр дундаа хөдөөгийн эрүүл мэндийн салбарт шингээх гээд алсын бодолтойгоор эдгээр зүйлийг хийхийг зорьсон юм. Япон, Франц, Люксембург,Турк, Өвөр монголын төв эмнэлэг, Солонгосын үндэсний эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулж хамтран ажилласан. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн зөн Монгол ОУБ, Финляндын Флом, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг ОУБ-уудтай хамтарч ажилласан.

Аливааг хийе гээд эрж хайвал энд тэндээс юм олдоно. Дэлхий нийт глобалчлагдсан байна. Мэдээлэл технологийн хурд сайжирчихсан энэ үед хүсэл эрмэлзлэлтэй байвал салбар хөгжих цаг үе ирчихсэн. Хөгжил дэвшлийн төлөө олон газартай хамтарч ажилласан маань давуу тал. Гэхдээ ганцхан дарга хийх биш юм. Мөн манай гурван хэлтсийн дарга, тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүд бас мэдрэмжтэй. Багагүй хугацаанд бэлтгэж, энэ багийг бүрдүүлсэн дээ. Ер нь бол хүнээр ажил хийлгээд, хийхийг нь чиглүүлдэг байхыг дарга гэж боддог.

Залуу хүмүүсийг ч бэлтгэх шаардлагатай. Тэгэж байж энэ салбар цаашдаа хэвийн ажиллана. Гэхдээ залгамж халаа байдлаар залуу үе, туршлагатай үе хоёрын тэнцвэрийг барьж явах ёстой. Ялангуяа манайд хүний амь нас хариуцдаг, үхэл эндэл хэлэлцдэг, нарийн технологиуд ашигладаг, маш нарийн дүгнэлтүүд гаргадаг ажлууд дээр зайлшгүй туршлагатай, чадавхтай, хүн чанартай, ажлын төлөө сэтгэлтэй, цаг наргүй ажиллаж, дайчлагдаж чадах хүмүүс л ажиллана.

-Төрийн байгууллага гэхээр л төрөөс хараат, бүх юм дээрээс ирсэн заавраар, төсвийн мөнгөөр хийгддэг гэх ойлголт дундаж иргэдэд давамгай байдаг. Гэтэл та бишгүй олон төсөл санаачилж, бичиж, хөөцөлдөж эрүүл мэндийн салбар луу авчирчээ дээ. Харин тэдгээрийн үргэлжлэл, тогтвортой байдал хэр хэмжээнд байгаа юм бол?

-Бид сүүлийн жилүүдэд хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. 2012 онд Францын төслийг 17 суманд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийг хэрэгжиж байх хугацаанд Францаас олон зөвлөх ирж ажилласан. Тэд манай нөхцөл байдалтай танилцаад гурван агуулгыг ярилцсан. Монгол улсад эрүүл мэндийн салбарт яаралтай тусламжийн тогтолцоо сайжруулах чиглэлээр ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна гэж ярилцсан. Францын тал ЭМЯ-тай зөвшилцөөд яаралтай тусламжийг сайжруулах шинэ төсөл орохоор болж байна. Мөн эх барихын тусламжийг сайжруулах асуудал байна. Ялангуяа эх баригч нарын ур чадварыг сайжруулах хэрэгтэй гээд төслийн санал хүргүүлсэн. Тэр төслийг Францын тал судалж үзээд ганцхан Архангайд биш Монгол улсад хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн. Эх баригч нарыг бакалавр зэрэгтэй, таваас дээш жилээр бэлтгэдэг, чадавхтай болгож байж, Монгол улсад эхийн тусламж сайжрах юм гэсэн дүгнэлт гаргаад Эх баригч нарын ур чадварыг сайжруулах төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжихээр эхэлсэн. Төслөөр бүх аймгийн эх баригч нарыг чадавхижуулахаар сургаж эхэлж байна.Түүнчлэн манай Хашаат, Чулуут сумын ЭМТ-үүд дээр зохистой хоолны навчит ногооны дөрвөн улирлын хүлэмж, хүн амын зохистой хооллолт гэсэн төсөл гурван жилийн хугацаанд 200,0 мянган евроны санхүүжилттэй эхэлчихсэн байна. 2 сумын ЭМТ-үүд дээр хүлэмж барьсан. 3-р сарын дунд үеэс 11-р сарын дунд хүртэл ногоо авна. Түүгээрээ өвчтөнүүддээ хоол хийнэ, мөн эмнэлэгт хэвтэгсэд болон иргэдэд навчит ногоогоор хоол хийх эрүүл хоолны сургалт явуулдаг. Үүнийг амжилттай хэрэгжүүлбэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшил гарч, эмнэлгийн хоолыг эмчилгээ болгох хөшүүрэг болно гэж үзэж байна.

Францтай бид ингэж сайн түншилж ажилласны дүнд Францын Action Mongolia байгууллагатай холбоо тогтоосон. Энэ дэмжлэгээр иж бүрэн дурангийн мэс заслын хагалгааны багаж ирэх гэж байна. Нэгдсэн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасагт ЭМЯ-наас дурангийн хагалгааны иж бүрэн багаж ирсэн. Одоо ирэх багажаар эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хийнэ. Бид энэ дөрвөн жилд аймгийн Нэгдсэн эмнэлгийг дурангийн мэс засал хийдэг болгох төлөвлөгөө биелэж байна.

Яаралтай тусламж дээр Туркийн Засгийн газар руу хүсэлт тавиад дэмжлэг авч, тэнд зургаан эмчийг олон улсын стандартаар сургасан. Эдгээр эмч нар ирээд сумдын эмч нарыг сүлжээ байдлаар бэлтгэсэн. Магистрал замууд нэмэгдэж байгаа тохиолдолд яаралтай тусламжийн чадавх маш сайн байх хэрэгтэй. Машин тэрэг нь муу ч гэсэн яваад очиж байгаа эмч нарын ур чадвар, арга технологи, жижиг багаж хэрэгсэл нь сайн байх ёстой гэдгийг эхний ээлжинд тооцсон. Цаашид бид хэвтээгээр нь өвчтөн тээвэрлэх иж бүрэн тоноглогдсон автомашиныг хөөцөлдөж байна.

Люксембургээс дэмжлэг авч Нэгдсэн эмнэлэг дээр зүрхний эхо оношилгоотой болсон.

Азийн хөгжлийн банктай Эрүүл мэндийн салбарын хөгжил-3 гэж төслөөр хамтарч ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн суманд эмнэлгийн барилга шинээр барьсан. Тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн, тасралтгүй сургалтууд зохион байгуулсан. Клиникийн тойрон сургалтууд хийсэн. Сумдын сувилагч нар, Нэгдсэн эмнэлгийн сувилагч нар ажлын байраа солилцоод харилцан суралцсан. Энэ төслийн үр дүнд Нэгдсэн эмнэлэг теле эмнэлгийн системд шилжиж, Монгол улсад анх удаа энэ системийг ашиглаж хагалгаа хийсэн эмнэлэг болсон.

-Архангайн эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа томоохон асуудал юу байна вэ? Мэдээж нэг асуудал шийдэгдэхээр нөгөө асуудал тулгамддаг л даа.

-Олон асуудал байна. Бид эрэмбэлж байна. Хэдийгээр Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн ч гэсэн эх хүүхдийн эндэгдэл, ноцтой хүндрэлүүдийг буулгах хэрэгцээтэй байна. Үйлчилгээний төв нь өвчтөн биш хүн гэж үзэж, нийгмийн эрүүл мэндийн тусламжийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр дундаа хэвтэн эмчлүүлж байгаа хүнд хүрч байгаа үйлчилгээний ээлтэй байдал, чанар, аюулгүй байдал, харилцаа хандлагын асуудлууд байна. Бид том мөнгө ярихаасаа илүүтэй мөнгө зарахгүйгээр үйлчилгээгээ сайжруулах боломжуудыг хайж байна.

Сумын эмнэлэг буюу суурь тусламжийг сайжруулах чиглэлээр нэлээд ажиллаж, хөрөнгө оруулалт ч их хийлээ. Одоо бид шинэ технологи эрэлхийлсэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг чанаржуулах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжуудыг нэмж нэвтрүүлэх шаардлагатай байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр вирус тодорхойлох шинжилгээ, компьютер томографийн оношлогооны технологиудыг нэвтрүүлэх, улмаар гемодиалез, хавдрын хими эмчилгээг нэвтрүүлэх, нэгдсэн эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцлийг сайжруулах, дээр нь нарийн мэргэжлийн эмч нарын хамтын ажиллагаа, шуурхай байдлыг сайжруулахаар төлөвлөсөн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын концепци буюу хэнийг ч орхигдуулахгүй байх, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах асуудлыг дэд хөтөлбөрт тусгана. Хэнийг ч орхигдуулахгүй байхын тулд хөдөө, багт байгаа, хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үйлчилгээг хүргэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байна. Туршилтын байдлаар Өлзийт, Эрдэнэмандал, Өндөр-Улаан суманд явуулын оношилгооны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Эмчид нэг цүнхэн дотор захын судасны хүчилтөрөгч, сахар зэргийг үзэх түргэвчилсэн оношлууруудаас гадна эхо, зүрхний цахилгаан бичлэгээ хийчихдэг, сүлжээ ашиглаад бүх мэдээллээ аймгийн төв рүү дамжуулаад оношоо хамтарч тавиад эмчилгээгээ хамтраад хийчих боломжтой технологийг сумын эмнэлэг рүү оруулахыг зорьж байна.

Дээр нь манайд эрүүл мэндийн үйлчилгээний нээлттэй ил тод байдал, харилцаа хандлагын асуудал маш чухал. Хүний харилцаа бол нэг хэвэндээ байдаггүй, тиймээс байнга сайжруулах шаардлагатай байдаг. Тэгэхээр ёс зүйн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг сайжруулах хэрэгтэй. Үүнд харьцангуй бага мөнгө зарж байгаа. Энэ мөнгийг нэмэгдүүлэх, оролцоо авах, сайн туршлагуудыг нэвтрүүлэх хэрэгцээ байна. Ер нь үйлчилгээг ганцхан эмч үзүүлээгүй, хэрэглэгч авч байдаг. Хэрэглэгчийн туршлагыг удирдах технологи ч дэлхий нийтэд яригдаж байна. Харилцаанаас л бүх юм шалтгаалдаг. Манай салбар дээр боловсролын салбар шиг гэнэн цайлган хүүхэд ирэхгүй. Дандаа өвдсөн, стресс ихтэй хүмүүс ирдэг. Тийм хүмүүст мэдээллийг товч тодорхой, харилцааны бэрхшээлгүй хүргэх гэдэг бол хамгийн чухал. Тэгэхлээр манай салбар бол суралцах, сэтгэл гаргах, ур чадвартай байхыг шаарддаг.

-Хэтийн зорилгод тулгуурласан ойрын зорилтууд юу байна вэ?

-Ойрын зорилгоо тодорхойлж байна.Боловсрогдсон дунд хугацааны хөгжлийн стратеги дээрээ тулгуурлаад Монгол улсын эрүүл мэндийн салбарын төрөөс баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулаад явж байна. Энэ нөхцөлд аймгийн Нэгдсэн эмнэлгийн технологийг сайжруулах, үндсэн мэргэжлийн тусламжийг чанаржуулах, улмаар төрөлжсөн мэргэжлийн тусламжийг хөдөөгийн иргэдэд ойртуулж, шинэ үйлчилгээнүүдийг нээх. Ялангуяа эрэгтэйчүүдийн кабинет ч гэдэг юм уу, орхигдсон бүлгүүд дээр үзүүлэх тусламжаа илүү их олж харж байна. Дэлхий нийт ч гэсэн ийм чиг хандлагыг баримталж байна. Монгол улс ч гэсэн ийм бодлоготой байна. Мөн эмнэлгийг буудлын жишиг рүү ойртуулж, тав тух орчныг сайжруулах, харилцаан дээр анхаарах ажлууд дунд хугацааны төлөвлөлтөн дээр туссан. Мөн “Шинэ сувилагч”, “Залуу эмч” гэсэн хөтөлбөрүүдийг төлөвлөж байна.

Дэд хөтөлбөрүүд дунд “Элэгний эмгэггүй Архангай” төсөл ч туссан, ганцхан элэгний С вирус ч биш В вирусын халдварыг хязгаарлан барих, улмаар хүүхдийн суурь өвчний эрт илрүүлэлт, өртөмтгий жирэмсэн ээжүүдийн эрт илрүүлэлт, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, умайн хүзүү, хөхний хавдрын, хүүхдийн амны хөндийн эрт илрүүлэлтийн асуудлуудыг төлөвлөж байна.

Хоёр сум дундын эмнэлэг дээрээ шүдний кабинетийг байгуулна гэсэн хэтийн зорилт тавьсан гадны дэмжлэг хайгаад зарим газраас дэмжлэг аваад эхэлчихсэн явж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад ганцхан эрүүл мэндийн байгууллага зүтгээд үр дүнд хүрэхгүй, олон салбарын хамтын ажиллагаанаас хамаардаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад бүх салбарын гаргаж байгаа шийдвэрүүдэд эрүүл мэндийн хүчин зүйлүүдийг харгалзаж үзсэн байх ёстой. Тэгэхлээр ялангуяа бага зардлаар илүү их эрүүл мэндийн үнэ цэнийг хүсч байгаа энэ үед эмнэлэгт шүтсэн тогтолцооноос хамтын ажиллагааг түшсэн нийгмийн тогтолцоот эрүүл мэндийг дэмжих хандлагаруу явах хэрэгцээ байгаа гэж харж байна.

-Ажил хэрэгч, нээлттэй яриа өрнүүлсэн танд баярлалаа. 

-Сүүлийн хорин жилд салбарын асуудлаар хийсэн ярилцлага бага байлаа. Их сайхан халуун дотно ярилцлага боллоо гэж бодож байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

ЯРИЛЦСАН О.АМАРЗАЯА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 41
40 / 98%
1 / 2%