Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат суманд мал эмнэлгийн гэрчилгээний
системийг туршилтын журмаар нэвтрүүлэх, малыг ээмэгжүүлэх ажил хийгдэж
байна. Ингэснээрмалын эмч баталгаажуулсан, эрүүл, гарал үүслийн
гэрчилгээтэй малыг зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм.
Ээмэгжүүлсэн, бүртгэлтэй малыг борлуулахад Мах маркет, Мах импекс
компаниудтай гэрээ байгуулан ажиллахаар болжээ. Мал эмнэлгийн
гэрчилгээний системийг нэвтрүүлэх ажлын
хүрээнд эхний ээлжинд 3500 хонийг ээмэгжүүлэн зах зээлд борлуулна гэсэн
төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ удаад Өндөр-Улаан, Тариат сумын 600
хонийг туршилтаар ээмэгжүүлжээ.
Архангай аймгийн ХХААГ-ын дарга
П.Гомбодорж: Архангай аймгийн хөгжлийн гол тулгуур нь мал аж ахуй.
Тиймээс малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг эрүүл байлгах асуудал
чухал. Гэхдээ малаа эрүүл гэдгийг нь баталгаажуулах бүртгэл дээр
үндэслэн зах зээлд борлуулж чадвал мал махны үнэ нэмэгдэх талтай гэв.
15 аймгийн 180 суманд хэрэгжиж байгаа Швецарийн хөгжлийн агентлагийн
санхүүжилттэй “Ногоон алт” төсөлд Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан,
Тариат, Ихтамир сум хамрагддаг. Энэ төсөл бэлчээрийн менежтментийг
боловсронгуй болгох, малчдын байгууллагыг үүсгэх, малчдын хоршоод,
хадгаламж зээлийн хоршоог хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжихэд чиглэдэг.
Энэ удаад төслөөс малын эрүүл мэндийн чиглэлээр мал эмнэлгийн
гэрчилгээний системийг нэвтрүүлэхээр туршиж байгаа юм.