Архангай аймагт Архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ жил
тохиож байна. Архивын тасгаас энэ ойн баяраа тэмдэглэлээ.
Аймагт
анх архивын байгууллага байгуулагдахад өөрийн гэсэн байргүй, баримт
бичгийн хадгалалт хамгаалалт стандартын шаардлага хангахгүй, мэргэжлийн
бус ажилтантай гэхчлэн тулгамдсан асуудлууд байсан нь тэртээ 60-аад
жилийн өмнө юм. Харин сүүлийн жилүүдэд
төр засгаас Архивын байгууллагын ажиллах орчин, баримт бичиг хадгалах
нөхцөлд анхаарснаар тодорхой ахиц гарч байна. Өөрөөр хэлбэл 60 жилийн
түүхэндээ багагүй бэрхшээлийг туулж ирсэн энэ байгууллага орчин үеийн
стандартад нийцсэн архивын тасаг болжээ.
Өнөөдөр аймгийн Архивын
сан хөмрөгт 1932 оноос хойших үед хамаарах 38669 цаасан суурьтай
хадгаламжийн нэгж, 166 гэрэл зураг, 164 дуу авиа дүрс бичлэг, барилгын
зураг төслийн 1654 түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий баримтууд
хадгалагдаж байна. Архивын тасгийнхан жилд дунджаар 3000 гаруй
байгууллага, иргэдэд үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 26000 гаруй
хадгаламжийн нэгжийг мэдээлэл лавлагаанд ашиглуулдаг байна.
Сүүлийн
жилүүдэд төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг
нэвтрүүлснээр цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим
сангаас иргэдэд мэдээлэл өгч эхлээд байгаа юм. Аймгийн Архивын тасаг нь
өнөөдрийн байдлаар 44 хөмрөгийн 1746 хадгаламжийн нэгжийг цахим санд
холбосноор архивын тэдгээр эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, насжилтыг нь
уртасгах боломжтой болжээ.