Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТААР ГУРАВ ХУРАЙ ХУРАЙ, АХИН НЭМЭН ГУРАВ ХУРАЙ ХУРАЙ...

2017-12-07

Уужмын холоос гүйдэлтэй хүлэг усных нь амтыг үгүйлэн ирдэг, уулсынхаа сүрийг урсгалдаа тээсэн усны тунгалаг Тамирын голын цэгээн толигор мөсөн дээр өвлийн тэргүүн сараас хаврын тэргүүн сар хүртэл Халх түмний уухайн түрлэг цангинана.

Намрын улиралд гол анх хөлдөх үед нээлтийн харваа болдог. Ихэнх тохиолдолд голын ус бүрэн хөлдөж, мөс болсон үед харвааг эхлүүлдэг байна. Харин хавар гол хайлж эхлэх үед мөсний шагайн тухайн жилийн харвааг хаах сүүлийн сумыг харвана. Энэ харвааг ихэд чухалд тооцож, идээ цагаа засч, тэр хавийн нутгийн хүмүүс цугларч харвадаг бөгөөд “найрын харваа” гэж нэрлэдэг.

Тамирын голын мөсөн дээр харваачид тойрог болон суугаад хэн хэнтэй баг болохоо шодсоноор мөсний шагайн харваа эхэлнэ. Үүнийг шугших гэх ба хүн бүрийн нэжгээд зах буюу сумыг дээлийн хормойд хийж сэгсэрч, ээлж дараагаар гарч ирсэн зах /сум/ -ны эзэд нэг баг болно. Хоёр хүн нэг баг болж, хүн бүр 36 удаа сум тавина.

Монголчуудын дунд тоглож асан мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний мэдээ “Монголын нууц товчоо”-д дурдагдсан нь бий. Тэрхүү баримтад “...Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин нүхт шагай арилжиж анд бололцож, анд хэмээлдээд Ононы мөсөнд шагалцахуйх тэнд анд болцгоов” гэж дурдагдсан байна. Үүнээс үүдэн Монголчуудын дунд мөсний шагайн наадаан 12-р зууны сүүл үед бүрэн тархсан байсан хэмээн үздэг.

Хожмоо Монголын засаг захиргааны бүтэц зохион байгуулалт аймаг хошууны тогтолцоонд шилжсэний дараа Сайн ноён хан аймгийн Зая гэгээн хутагтын хүрээнд тоглож байсан уламжлалтай. Түүний уламжлал Монгол улсын баруун хагас, Архангай аймагт хадгалагдсан бөгөөд энэ нь мөсний шагайн наадааны түүхэн уламжлалтай, цаг уур, газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалсан сонирхолтой тоглоом юм.

Эдүгээ Заяын гэгээний гол дуганы бууринд сүндэрлэх Төгсбаясгалант Буян Дэлгэрүүлэх хийдийн хамба Х.Баасанжаргал багаасаа нутгийн ах нарыг дагаж харваж сурчээ. Түүний ярьснаар “Анхдугаар Зая гэгээний үед зуны дэлгэр цагт их ханиад тахал дэлгэрчээ. Уг ханиадыг лам нар гүрэм номын хүчээр дарах гэж олонтаа оролдсон ч тусыг эс олсон тул нийтээр тоглох уг тоглоомыг Зая гэгээн зохиосон ажээ. Зуны дэлгэр цагт тарни номын хүчээр мөс тогтоож, уг тоглоомыг олон түмнийг уриалан тоглосноор дэлгэрсэн ханиад эдгэсэн. Хөгшин настай лам нар үүнийг тоглоом биш Архангайчуудын  ханиад, өвчин зовлонг гэтэлгэдэг гүрэм ном гэж үздэг байсан. Харвахыг нь хараад л өвчин эмгэгээсээ ангижирдаг байсан тухай ч яриа байдаг” гэнэ. Түүний эмээ ч үүнд итгэн мөсний шагай харвахыг жил бүр очиж үзэн тэр чинээгээрээ өвчин хуучгүй сайхан насалсан тухай Х.Баасанжаргал хамба хуучлав. Түүнчлэн Мөсний шагай зөвхөн Ар халхын Зая гэгээний нутаг болох Архангай аймгийн Эрдэнэмандал, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэбулган, Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Булган сумдад дэлгэрсэн бөгөөд бусад нутагт энэ мэт түгээмэл дэлгэрээгүйг мөн л шашны уламжлалаар мөсний шагайг тоглох буян дутдаг гэж тайлбарлав.

Аливаа уламжлалт тоглоом наадгай бүр өөр өөрийн түүхэн онцлог шинжийг өөртөө агуулж, тэр хирээр нийгэм-соёлд өөрийн гэсэн орон зай, ач холбогдол, дэг ёсыг бий болгодог байна. Тоглоом нь нэг талаар наадаан, цэнгээн болж, ард түмний зугаа цэнгэл авч, нөгөө талаар тухайн үндэстэн, ард түмний соёлын түүх болдог ажээ. Тоглоом наадгайн түүхэн хөгжил, түүний үүсэл гарлыг ажвал шашин шүтлэг, зан үйлийн шинжийг өөртөө багагүй агуулж, нийгэм соёлын хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан зугаа цэнгэл, наадмын агуулгыг бий болгожээ. Энэ ч утгаараа соёлын биет бус өвд хамаарах ба Халхад дэлгэрч, уламжлагдан байгаа мөсний шагайн харваа нь Халх түмний соёлын нэгэн биет бус өв билээ.

Мөсний шагай өөрийн гэсэн үүслийн дээрх мэт домог, шашинтай холбоотой зан үйл, дэг ёс, үг хэллэгтэй, басхүү түүхийн он цагт ч хувьсан өөрчлөгдөж байгаа наадаан юм. Шашны үг хэллэг мөсний шагайн наадаанд их байдаг. Жишээ нь Хурал номын газар ном хурсны дараа Даш өргөөд гадаалдаг байна. Яг үүний нэгэн адил мөсний шагайн харвааны хамгийн сүүлийн дөрвөн сумыг Дашийн дөрвөн сум гэдэг ажээ. Даш гэдэг нь монголоор “Өлзий” гэсэн утгатай түвд үг юм.

Багийн гишүүдийн нас залууг Анх, ахимагийг Дуйжаа гэнэ. Дуйжаа гэдэг нь хамтрагч, нэг багийн хүн, манай талын хүн гэсэн утга бүхий хятад үг юм. Анх гэдэг  нь эхлэх гэсэн утгыг агуулж, эхэлж сумаа тавих ба дөрөв дөрвөөр хүн тус бүр 36 сум тавина. Харваа эхэллээ.

Онож буй байны бэлгэдэл нь мөсөн дээр дөрвөн мөчөө дэлгээд халтирч унасан амьтныг араас нь харваж байгаа ба гол байг хушга /амьтны төмсөг/, дөрвөн хуруу зайнд тавьсан шагайг цовхи, төө дөрвөн хуруу /тохой/ зайд тавьсан шагайг хасаа өрөг, алд зайд тавьсныг алд өрөг хэмээн нэрийддэг. Алд өрөг дээрх шагайг оносныг хумсдлаа гэж ярих бөгөөд энэ нь мөсөн дээр тэрийж унасан амьтны хумс орчимд байгаа тул ийн бэлгэддэг гэнэ. Байг хуучин үедээ 36 нум газарт 36 сум тавьдаг байсан гэдэг. Мөн 104 тохой газраас харваж ч байсан уламжлалтай бөгөөд эдүгээ 80-90 метрээс харвадаг болжээ. Ерөөс мөсний шагайн бай болоод харвах зай зэргийг уламжлалт хэмжээсээр хэмжиж иржээ. Харваачдын авсан оноог үнсэн самбар дээр тэмдэглэдэг байжээ. Хамгийн их оноог хушгыг оносон нь авах бөгөөд таар гурав хурай хурай, ахин нэмэн гурав хурай хурай... хэмээн уухайлах нь гурван оноо авсныг илтгэнэ. Хушганы хоёр талд байгаа шагай тус бүрийг оноход Дайр цохь, тайр цохь хэмээн уухайлж нэг оноо авна. Харваач бүр 20 сум тавьсны дараа алдын өргийг хасч, дараагийн 16 сумыг хасаа өргөнд харвана.

“Мөсний шагайн наадааныг түүхэн хөгжлийнхөө хугацаанд “шагалцах”, “мөсөн шагай”, “өрөг харвах” хэмээн нэрлэж байжээ. Мөсний шагайг тоглоход бод, богийн дөрвөн ширхэг шагай, атгасан гарын хэртэй хушга, сум, онооны тооцоог тэмдэглэх үнсэн самбар зэргийг хэрэглэдэг байжээ. Хушгыг үхрийн засааны арьсыг хөндий хатааж хийдэг. Сум буюу “захыг” эрт үедээ аргал угалзны ясан эвэр, эсвэл гуулиар цутгаж хийдэг байв. Хүнд нь дөрвөн лан буюу 150 гр орчим . “Захыг” ховилд долоовор хурууг чигээр нь мордуулж, дунд хурууны ар талыг хойд талынх нь ховил дээгүүр давуулж, сумны зүүн талыг эрхий хуруугаар дэмнэж, баруун талын хажуу хэсгийг ядам хуруугаар тулж барина. “Захаа” харвахад бэлдэхдээ “зах” барьсан гараа доош нь шулуун байдалтай байлгаж, түүний эсрэг талын хөлөөр биеийн жингээ тулж, түүн дээр гараараа тулж, нөгөө талын хөлийг бага зэрэг хойш нь тавьж, нугалж, биеийг урагш тэмүүлэхэд дэм болгон түлхэхэд бэлэн болгож бага зэрэг нугалж, мөсийг бага зэрэг хонхойлгон түүнд тээглүүлэн жийж бэлдэнэ. Харвахдаа хойд хөлөө хүчтэй жийж, “зах” барьсан гараа савалттайгаар урагш нь даллаж, сумаа шиднэ. “Захыг” шидэх мөчид бие өөрийн хүндийн жингээр өөрөө урагш гулсана. “Зах” нь өөрөө дотроо жижиг тугалгатай тул явах замдаа дотроо тийрэлттэй байдаг учраас сумны явах хурдыг эрчимжүүлдэг байна.

“Захын” явах замыг “аваа” гэж нэрлэнэ. Аваа нь тухайн захын явах замд тохиолдох бартаа, мөсний өөг хэлэх нэр юм. Энэ замыг нааш цааш олонтаа явах хийгээд, өвлийн жаварт мөсний шагайг наадах нь эрүүл мэндэд ихэд тустай байдаг ажээ. Ах захаа хүндэтгэсэн их хүндэтгэл дунд харваа үргэлжилнэ. Энд элдэв хараал хэлэхгүй, архи сархадыг ч уухыг цээрлэдэг.

Оноо ойртох тусам Уухайлан хурайлах дуу үл тасарна. Таар гурав хурай хурай, ахин нэмэн гурав хурай хурай...гэх уухайн дуу тунгалаг Тамирын голын жаврыг үргээн, хөндий дүүрэн уянгална. 

Онооны нийлбэрээр багууд хожилцох ба зэд буюу шагнал нь дээр үед даш хадаг байжээ. Одоо бол мөнгөн шагнал өгдөг. Харин хоёрдугаар байранд орсон нь “гүзээдэж” ямар нэг шагнал авахгүй ба оносон амьтныхаа гүзээг авч байгааг бэлгэддэг хэмээн Х.Баасанжаргал хамба нэг бүрчлэн тайлбарлаж өгөв. Харваа өндөрлөлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 41
40 / 98%
1 / 2%