Өнөөдөр тохиож буй /12.11/ “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Уг хуралд аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд, үе үеийн Засаг дарга нар, ОХУ-ын Буриад Улсын Улаан Үүд хотын зочид төлөөлөгчид, анхдагчид болон Эрдэнэт хотын иргэд оролцлоо. Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга илтгэл танилцуулж нийт иргэддээ “Эрдэнэт хотын өдөр”-ийн мэнд дэвшүүлсэн юм. Тэрээр илтгэлдээ “Эрдэнэт хотын өдөр бол Орхончууд, Эрдэнэтчүүд бид 40 гаруй жилийн түүхийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, хүүхэд, залуучууддаа болон олон нийтэд Эрдэнэт хотынхоо бахархал, онцлог, түүхийг хүргэх, Эрдэнэт хотоо сурталчлах бахархлын өдөр юм” хэмээн онцлон хэллээ.