Даваат багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Эрхбаатар тойрогтоо чиглэгдсэн олон ажил зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр буюу “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан их хотын гал голомт болсон дулааны цахилгаан станц хэрхэн дулаан, цахилгааныг үйлдвэрлэн хотын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж байдгийг сурагчдад танилцуулах ажлыг зохион байгууллаа. Энэхүү нээлттэй арга хэмжээнд Даваат багт байх 17-р сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцсон юм. “ЭДЦС” ТӨХК нь Баян-Өндөр сумын Даваат багтай мөн хамтын ажиллагааны холбоотой юм.
17-р сургуулийн сурагчдыг “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзсанаас гадна дулааны цахилгаан станцын горимын талаарх ойлголтыг өгч, мөн “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт хоттой холбогдолтой асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж түрүүлсэн сурагчийг 50000 төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.