“Төв азийн түүх соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, мэдээллийн цогцолбор бүхий бүтээн байгуулалтыг Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин хэмээх Хүннүгийн үеийн эртний хэрмийг түшиглэн байгуулахаар төлөвлөж шав тавилаа.
Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газарт “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулагдсанаар Монгол орны төв хэсэг рүү чиглэсэн соёлын аялал жуулчлалын шинэ маршрут бий болж, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжих, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдал сайжрах, орон нутагт ажлын байр бий болох зэрэг олон боломж бүрдэх юм. Мөн хүүхэд залуучуудад эх түүх, өв соёлоо хайрлан хамгаалах дадал заншлыг төлөвшүүлэх, ард иргэдэд археологийн дурсгалын шинэ мэдлэг мэдээллийг шуурхай хүргэх, шинжлэх ухааны ажлын үр дүнг сурталчлан таниулах зэргээр монгол хүнийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төв болно.
Цогцолбор байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Архангай аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс, орон нутгийн ард иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.