Жижиг дунд үйлдвэрлэл болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс буй "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төслийг Орхон аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төсөл "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк" ОНӨҮГ-тай
- Бизнес хөгжлийн төвийг чадавхжуулах, бэхжүүлэх,
- ЖДҮ, хоршоо, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах,
- Инновац, шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Төсөл хэрэгжсэнээс хойш Эрдэнэт бизнес хөгжлийн төвд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийг банкны зээлд зуучлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг 156 удаагийн арга хэмжээг зохион байгуулж, 2000 гаруй бизнес эрхлэгчид хамрагджээ.
Орхон аймгийн хэмжээнд 5300 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 50.7% нь худалдаа, үйлчилгээ, 8.7% нь боловсруулах үйлдвэр болон уул уурхайн салбарт, 5.5% нь барилга, 1.8% нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж буй байгууллагуудын тоо олон хэдий ч Орхон аймгийн ДНБ-ний 94% нь уул уурхайн салбарт төвлөрч байгаа юм.
Тиймээс ч Орхон аймгийн ИТХ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд хүргэх, тэдэнд ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэх замаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжсэн төсөл хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Орон нутагт бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээс гадна “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай”, “Өрхийн бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “PROGRES” төсөл, АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн “BEST” зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.