Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн Ховд аймагт ажиллаж байна. Түүнийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Ховд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга З.Эрхбаяр хүлээн авч уулзан санал солилцлоо
Мөн Ховд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагын удирдлагууд танилцуулав.
“Зудын эрсдэлийн” үнэлгээгээр Ховд аймгийн нутгийн баруун, төв, хойд хэсгийн сумдын зарим хэсгээр нэн их эрсдэлтэй, нутгийн өмнөд хэсгийн сумдын өмнөд хэсэг, зүүн болон хойд хэсгийн сумдын зарим багуудаар дунд эрсдэлтэй, бусад хэсгээр их эрсдэлтэй байх төлөвтэй байна.
Ховд аймаг нь Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд 140 сая төгрөгийг ИТХ-ын хуралдаанаар баталсан мөн Ховд аймгийн хувьд зудын эрсдэлийг тооцож, бусад аймгуудад жишиг болохуйц сайн ажиллаж байгаа гэдгийг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн онцоллоо.