Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2025 оны 02 дугаар сард хуралдаагүй. Тухайн сард дараах ажил, уулзалтууд хийгдсэн байна. Үүнд:
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дарга Ч.Нанжидсамбуу болон төвийн бүсийн аймгуудын (Дархан-Уул, Сэлэнгэ) Ажил олгогч эздийн холбооны тэргүүн нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр (2025-02-03) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймаг орон нутгийн засаг захиргаанаас гаргаж буй шийдвэрт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон төвийн бүсийн ажил олгогч эздийг төлөөлөн хамтран ажиллаж, ажил олгогч эздийн байр суурь, санал хүсэлт, ашиг сонирхлыг илэрхийлэн тусгаж байх тал дээр хамтран ажиллахаар зөвшилцлөө.
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь 21 аймагт бие даасан салбартай 60 орчим суманд төлөөлөгчтэй, Улсын их хурал, Засгийн газар, яам, агентлагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулан ажиллахын зэрэгцээ 41 мэргэжлийн холбоод, 12 салбар хороо, хувийн хэвшлийн 8100 гаруй гишүүн байгууллагыг хамруулан үндэсний хэмжээнд төр хувийн хэвшил нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн хууль эрхзүйн орчинг ээлтэй, оновчтой болгох, бизнесийн хөгжлийг хурдасгах, хувийн хэвшил дэх хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх, гишүүд, дэмжигчдээ чадавхижуулах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлж, oлон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч эздийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрх ашгийг сэргээх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсийг хүлээн авч уулзаж санал солилцлоо. Учир нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж буй. Ажлын хэсгийнхэн төрийн байгууллагуудын чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийх үндсэн зорилготой ажиллаж байна.
Ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, аймгийн ЗДТГ-ын алба хаагчид, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сургууль цэцэрлэг, соёлын төвийн эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга, Засаг дарга нарт салбар зөвлөлийн ажлын үр дүнг дээшлүүлэх, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон нээж үг хэллээ. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс төрийн албаны хууль тогтоомжийн талаар мэдээлэл танилцууллаа.
Сургалтын эхний хэсэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай холбоотой байгууллагуудын /аймгийн Цагдаагийн газар, аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, аймгийн Шүүх, аймгийн Онцгой байдлын газар/ мэдээлэл сонсголоор үргэлжиллээ. Сургалтын дараагийн хэсэгт "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд хурлын байгууллагаас анхаарах асуудлууд", "Аймгийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл, бүсчилсэн хөгжил, хот хөдөөгийн сэргэлтийн тухай", "Аймгийн хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого", "Захиргааны хэм хэмжээний акт гаргахад анхаарах асуудал", "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудалс, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага", "Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх тайлбарлах тухай", "Хурлын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, хуралдаанаас гарах баримт бичгийг албажуулж архивын нэгж бүрдүүлэх" болон сумдын хурлын ажлыг дүгнэх үзүүлэлт, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллийг хийж байна.
СУМЫН ХУРЛЫН ДАРГА НАРТ ҮНЭМЛЭХ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын албанаас өнөөдөр (2025-02-12) "Сумдын хурлын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт"-ыг зохион байгуулж буй. Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон 17 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.
2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн 17 сумын хуралд нийт 383 төлөөлөгч сонгогдсоны 211 буюу 55.1 хувь нь 2 ба түүнээс дээш удаа сонгогдсон, 172 буюу 44.9 хувь нь анх удаа сонгогдсон төлөөлөгчид байна. Тэдгээрийн 259 нь эрэгтэй, 124 нь эмэгтэй төлөөлөгчид юм. 17 сумын ИТХ-ын дарга нараас 16 нь Хурлын даргаар анх удаагаа, 1 нь хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
УЛСЫН ХОШОЙ АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНООР “АРВИН БЭЛЧИР” ХХК ТОДОРЛОО
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Арвин бэлчир” ХХК нь Улсын аварга тариаланч хамт олноор шалгарч аваргын шагналаа гардан авлаа. Улсын аваргын шагналыг МУ-ын Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон сумын удирдлагууд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өглөө.
“Арвин бэлчир” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шоргоолж гэх нэртэй газар атар газар хагалан анхны тариалалтаа эхлүүлж байжээ. Улмаар 2010 онд Сэлэнгэ аймгийн нэгж га талбайгаас хамгийн их ургац авсан аж ахуйн нэгж, 2011 онд Сэлэнгэ аймгийн шилдэг татвар төлөгч, 2012 онд Монгол улсын шилдэг татвар төлөгч, 2014 онд Засгийн газрын жуух бичиг, 2015 онд Улсын тэргүүний тариаланч хамт олон цол, тэмдэг, 2016 онд ЖДҮ-ийн Өрсөлдөх чадварыг дэмжих төвөөс “Цагаан сүлд” одон, Үндэсний бизнес хөгжлийн нэгдлээс “Хичээнгүй зүтгэл гэрэгэ” өргөмжлөл, Хүдэр сумын Шилдэг аж ахуйн нэгжээр тус тус шалгаран, 2017 онд “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгаран, 2023 онд улаанбуудай 521 тн, төмс 180.95 тн, овьёос 49.3 тн, 2024 онд 823 га талбайд улаанбуудай, 96 га талбайд овьёос тус тус тариалж 2024 онд 1 га талбайгаас дунджаар 20 тн, нийт 1646.2 тн ургац хураан авч 2025 оны модон Могой жилийн босгон дээр ийнхүү “Улсын аварга тариаланч хамт олон” гэх алдрыг хоёронтоо хүртэж хошой аваргаар тодорч, амжилтаа бататгасан тус компанийн захирал Б.Амаржаргал болон түүний хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР САНЖИЙН ТҮМЭН-ӨЛЗИЙ ШАЛГАРЛАА
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн малчин Санжийн Түмэн-Өлзий 2025 оны модон Могой жилийн сар шинийн босгон дээр “Улсын хошой аварга малчин” болж аварга малчны өргөмжлөл тэмдгээ гардан авлаа. Улсын аваргын шагналыг МУ-ын Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон сум орон нутгийн удирдлагууд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгч баяр хүргэлээ.
Малчин Санжийн Түмэн-Өлзийнх үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргийнхээ ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэн 2019 онд “Улсын аварга малчин”-аар шалгарч байсан бол өнөө жил мөн л “Улсын аварга малчин”-аар тодорч ийнхүү хошой аваргын алдрыг хүртлээ.
Ерөө сумын Буурагчин багийн “Улсын хошой аварга малчин” С.Түмэн-Өлзий болон түүний гэр бүлд эх орныхоо баялаг болсон эрдэнэт мал сүргийнх нь буян хишиг арвижин дэлгэрч байхыг хүсэн ерөөе.
ЕРӨӨ СУМЫН ИРГЭН 102 НАСТАЙ Б.НАНЗАД ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр 100-аас дээш настай ахмад буурлууддаа гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат өндөр настан эдүгээ 102 насыг зооглоод буй Б.Нанзад гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Б.Нанзад гуай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндий гэх газарт 1923 онд төрж улмаар төрөлх сумынхаа сургуульд насаараа багшилж, олон зуун шавь нараа эрдэм мэдлэгийн их далайд хөтлөн замчилж явжээ. Тэрээр 5 хүү, 5 охин арван сайхан хүүхдийг эх орондоо өсгөн хүмүүжүүлсний зэрэгцээ тэдний үр хүүхэд, ач гуч нь одоо нийтдээ 200-г давсан өнөр олуулаа болоод буйгаа хуучиллаа. Түүний том охин нь 80 настай, хамгийн бага нь 60 насыг шүргэж яваа аж. Азай буурай маань зуу давж насалсан ч ухаан саруул, хэл яриа цэгцтэй байгаа нь аргагүй л ардын багш явсныг нь илтгэнэ.
17-р жарны модон Могой жилийн сар шинийн босгон дээр төр засгаас түүний өндөр насыг хүндэтгэн үзсэнд ихэд талархаж байлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өндөр настан Б.Нанзад гуайд ирэх жилийн сар шинээр эргэн уулзахын ерөөл дэвшүүлж, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөлөө.
ОРХОН СУМЫН БЭЛЭНДАЛАЙ 2 ДУГААР БАГИЙН МАЛЧИН ГАРВУУГИЙН МӨНХТӨМӨР “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО
Сар шинийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Улсын аварга малчин шинээр төрж шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар гардуулан өглөө. Г.Мөнхтөмөр нь 1994 оноос хойш 30 гаруй жил мал маллаж байна.
Тэрээр Сэлэнгэ үүлдрийн үхрийг дагнан өсгөж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн бусад аймаг сумуудад үржлийн чиглэлээр бухан тугал болон охин тугал бяруу, тугалтай үнээг нийлүүлж малчин өрхүүдийн малын ашиг шим гарцыг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлсээр ирсэн байна.
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦАГААННУУР СУМЫГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАЛАА
Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлж, улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг, манай улсын тариалангийн томоохон сумдын нэг Цагааннуур төрийн дээд "Алтан гадас" одонт сум боллоо. 1924 онд байгуулагдсан тус сумын бүтээлч үйл ажиллагааны үр дүн, ажлын амжилтаараа аймгийн хэмжээнд Хурлын байгууллагуудаас 2014, 2015 онд Тэргүүн байр, Засаг даргын Тамгын газар нь 2002-2015 онд Тэргүүн болон Дэд байрт шалгарч, 2016 онд “Төвийн бүсийн тэргүүний сум”, мөн онд “Улсын тэргүүний сум”-аар, 2021, 2022 оны ажлын үр дүнгээр аймгийн тэргүүний сумаар шалгарч байсан билээ.
Монгол улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 20 хүртэл хувийг үйлдвэрлэгч Улсын тэргүүний Цагааннуур сум төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдаж, шагналаа хүлээн авлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гардуулж өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 131 дүгээр тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон. Цагааннуур сум нь 3 багтай, 1361 өрх, 5255 хүн амтай, төсвийн болон хувийн хэвшлийн 118 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлдгээс 32 аж ахуйн нэгж, 30 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг.
2024 онд үр тариа 23302 га талбайгаас 31140.6 тонн, үүнээс улаанбуудай 22668 га талбайгаас 30969 тонн, бусад үр тариа 634 га талбайгаас 171.6 тонн, тэжээлийн ургамал 5580.6 га талбайгаас 5580 тонн, тосны ургамал 9429 га талбайгаас 4119.2 тонн, төмс 12.3 га талбайгаас 64.2 тонн, хүнсний ногоо 35.4 га талбайгаас 115 тонн ургац тус тус хураан авсан байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМААС “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” ТОДОРЛОО
Хушаат сумын Мөнхтолгой багийн фермер Ш.Баянжаргал “Улсын аварга фермер” болж шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ХХААГ-ын хэлтсийн дарга Т.Шинэчимэг нар гардуулж өглөө.
Ш.Баянжаргал нь 2006 оноос махны чиглэлийн Казакийн цагаан толгойт үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэн эрчимжүүлж, генефондыг сайжруулах зорилгоор Грефорд үүлдрээр сайжруулан, бордон тэжээж, өсвөр хээлтэгч хээлтүүлэгчийг зах зээлд нийлүүлж, өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэн эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн хөгжүүлж байна.
ХУШААТ СУМЫН “НЬЮ КРОП ХХК” УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЛОО
Тус компани нь 1995 оноос Сэлэнгэ аймгийн Хушаат суманд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт дээр тулгуурлан усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр байгуулагджээ.
2004 оноос эхлэн усалгаанд тарьж болох зарим таримлуудын технологийг судлах, үрийн нөөцтэй болох зорилгоор таримлын нэр төрлийг олшруулж, буудай, овьёос, төмс, шар лууван, сонгино зэрэг 5-6 нэр төрлийн таримлыг сэлгээний дагуу тариалж байгаа аж.
2024 онд улаанбуудай 350 га талбайгаас 510 тн, хүнсний ногоо 40 га талбайгаас 935 тн ургац хураан авсан амжилтаараа “Улсын аварга тариаланч хамт олон” боллоо.
“ӨГӨӨЖ МАНДАЛ-УУЛ” ХХК-ИЙН МЕХАНИКЖУУЛАГЧ ЖАРГАЛТАЙН ЭРДЭНЭ-ОЧИР “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” БОЛЛОО
Ж.Эрдэнэ-Очир нь газар тариалангийн салбарт тасралтгүй 33 дахь жилдээ ажиллаж үйлдвэрлэлд нэвтэрч байгаа хөдөө аж ахуйн машин механизм болон МТЗ, Жон Деере, ЮТО маркийн трактор түүний агрегатуудыг механикийн түвшинд эзэмшиж сурсан хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан юм.
Тэрээр 2024 онд трактораар 1870 га талбайд ажил гүйцэтгэж, комбайнаар 850 га талбайгаас 1443 тн тн улаанбуудай хураасан байна.
"Өгөөж Мандал-Уул" ХХК-ийн механикжуулагч Ж.Эрдэнэ-Очирт Улсын аваргын шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ХХААГ-ын хэлтсийн дарга Т.Шинэчимэг нар гардуулан өгч амжилт хүслээ.
СЭЛЭНГЭ АЙМГААС "БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН" ТӨРЛӨӨ
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
“Байгаль орчны гавьяат ажилтан” цолоор Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэлийг шагналаа. Д.Довдондэмбэрэл нь Тужийн нарсаар овоглосон долоо дахь Гавьяат болж буй юм.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА