Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТАРИАТ СУМАНД ТАВАН ТЭРБУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭНЭ

2014-12-30

-“Сумын төвийн шинэчлэл” төсөлд манай аймгаас Тариат сум хэрхэн сонгогдсон талаар яриагаа эхлэх үү?

-Эдийн засгийн Хөгжлийн яам болон салбарын яамдаас санаачлан хэрэгжүүлж буй орон нутгаа хөгжүүлэх “СУМ” төслийн хүрээнд манай улс ойрын жилүүдэд 330 сумаа хөгжлийн ямар загвараар хэрхэн хөгжүүлэх талаарх бодлогыг Засгийн газрын 226 дугаар тоот тогтоолоор баталсан байдаг. Энэхүү тогтоолоор “Сумын хөгжлийн загвар”-ыг ч мөн баталж өгсөн. Сумдыг хүн амын тооноос нь хамааруулан тав ангилсан байгаа. Ангилал тус бүрт тохирсон нийгмийн суурь үйлчилгээ болоод сумдад хөгжүүлэх боломжтой үйлдвэрлэл, бизнесийн чиглэлийг тодорхойлсон. Энэ үзэл баримтлал дээр үндэслэн бид аймгийнхаа 19 сумын хөгжлийн загварын төслийг боловсруулаад байна.

Сумын цаашдын хөгжилд тэнд амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрийн суурь үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь мэдээж чухал. Гэсэн хэдий ч үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, түгээмэл тархацтай байгалийн баялаг болон малын гаралтай түүхий эдийг боловсруулах, анхан шатны тордолт хийх, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах зэргээр нэмүү өртөг шингээж, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх цаашид сум эдийн засаг, санхүүгийн хувьд бие даах явдал туйлын чухал гэдэг нь судалгаанаас харагдаж байна.

Манай аймгийн Тариат сум 5000-аас дээш хүн амтай, баруун аймгуудыг нийслэл хоттой холбосон хэвтээ тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг, аймагтаа төдийгүй улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аялал жуулчлалын бүс нутаг зэрэг олон шалгуураар сонгогдсон.

-Төслийн хүрээнд Тариат суманд ямар ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

-Уг төслийн хүрээнд Тариат суманд 5,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Үүнд: 1,2 мгв-ийн хүчин чадал бүхий усан халаалтын нам даралтын зуух, дулаан, ус хангамжийн 2км шугамын ажил, 150м3/ хоног хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж, 2750 м ариутгах татуургын шугамын барилга угсралтын ажил, усны эх үүсвэрийн гүний 2 худаг - 150 м3/хоног чадал бүхий усан сан II өргөлтийн насос станц, 3,4 км хатуу хучилттай авто зам /авто зам, ногоон байгууламж, явган зам, гэрэлтүүлэг/, цахилгаан хангамж – 160 кВа-ын трансформатор суурилуулж, 1км 04/10 шугам зэрэг ажлууд хийгдэнэ.

-Эдгээр ажлуудыг гүйцэтгэгчээр ямар компани шалгарсан бэ?

-Төслийн ажлын гүйцэтгэгчээр манай аймгийн “Эх голомтын илч” ХХК, “Гурвантамир” ХХК-иуд түншлэлийн гэрээтэйгээр тендерт орж, гүйцэтгэхээр шалгарсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд гэрээний үнийн 10 хүртэлх хувийг шаардлага хангасан туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болдог. Энэ дагуу тендерт шалгарсан “Эх голомтын илч”ХХК нь туслан гүйцэтгэгч компаниудын хамт төслийн ажлыг гүйцэтгэж байна.

-Одоогоор ажлын явц ямар байгаа вэ?

-Дулаан, усан хангамжийн 900м шугамын ажил, ариутгах татуургын 800м шугамын угсралтын ажил, 1км орчим шугамын газар шорооны ажил, усны эх үүсвэр 1 гүний худгийн цооногийн ажил хийгдсэн байгаа. Цахилгаан хангамжийн ажил ерөнхийдөө хийгдэж 160кВа-ийн трансформатор суурилуулан 1км 04/10-н агаарын шугам татагдсан байна.

1,6 км замын суурийн ажил хийгдсэн байдалтай байна. Дулаан, усан хангамж, ариутгах татуургын шугам хоолойн материал бэлдцээ талбай дээр татсан байна.

-Ажлын явцад хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Тус  сум нь өөрөө галт уулын дэлбэрэлтээс үүссэн байгалийн өвөрмөц тогтоцтой, газар хөдлөлийн 8 баллын, Хангайн нурууны мөнх цэвдэгтэй бүсэд оршдог. Энэ мэт байгаль цаг уурын хүнд нөхцөлд хамаардаг учраас цэвэр усан хангамж, ариутгах татуурга, дулааны төв шугамын газар шорооны ажлыг гүйцэтгэхэд хүндрэл тулгарч байна.

-Тариат сумын иргэдийн идэвх, оролцоо хэр байна вэ?

- Сум орон нутгаа хөгжүүлэх, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох, хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил болон аливаа асуудалд иргэд нээлттэй оролцон, хэрэгжилтэнд нь хяналт тавих зэрэг нь Шинэчлэлийн засгийн газрын үед нээлттэй ил тод болсон. Иймээс аливаа асуудалд иргэдийн оролцоо, дуу хоолой хүрч үр дүнгээ өгч байна. Хөдөө орон нутагт амьдарч байгаа малчид, иргэд маань өөрийн баг, орон нутгаа хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах зэрэг асуудалд өөрсдийн дуу хоолойг хүргэн хэлэлцэн зөвлөлддөг болсон байна. Сум орон нутгийн засаг захиргаа ч иргэдээ сонсдог, санал санаачилгыг нь дэмжин бодит ажил болгох тал дээр илүү анхаардаг болжээ. Тариатчууд ч идэвхтэй оролцож байна.

Төр засгаас орон нутгийн засаглалыг дэмжих зорилгоор төсвийг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бага хэмжээний хөрөнгө зарцуулалтыг үр дүнтэй байлгах, тухайн орон нутгийн онцлог болон хэрэгцээ шаардлагад тулгуурлан хэрэгжилтийг хангуулах, цаашдаа орон нутгийг эдийн засгийн хувьд бие даасан байдалд хүргэх бодлого баримталж байна.

Тариат сумын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд 1,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий Суман голын төмөр бетонон гүүр, 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 ортой сум дундын эмнэлгийг ашиглалтанд оруулж, сургуулийн 1, 2-р хичээлийн байрт их засвар, Хорго, Тэрхийн цагаан нуурын цогцолбор газарт 100 га-д ойжуулалт, нуурын эко систем хамгаалах зэрэг ажлуудыг хийсэн байгаа. Мөн сум өөрийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гудамжны гэрэлтүүлэг, эрчим хүчний өргөтгөл, спорт тоглоомын талбай, халуун усны барилга, Цагаан нуур багт хүн эмнэлгийн байр барьсан. Мөрөн багт өвс тэжээлийн фонд, багийн төвийн гудамжны гэрэлтүүлэг, Мобикомын сүлжээнд холбогдох зэрэг иргэдийн ая тухыг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд байна.

-Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж /http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/784/

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%