Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ

2015-04-21

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 2 дугаар сарын 7-ний өдөр        Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж
2.1.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Хот байгуулалтын тухай, Геодези, зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Авто замын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим
3.1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараах зарчим баримтална:
3.1.1.байр зүйн зурагт суурилсан байх;
3.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;
3.1.3.хаяг давхардахгүй байх;
3.1.4.хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;
3.1.5.кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;
3.1.6.хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх;
3.1.7.хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.
4 дүгээр зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах
4.1.Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно.
4.2.“Үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг ойлгоно.
4.3.Энэ хуулийн 4.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг нь дараах мэдээллээс бүрдэнэ:
4.3.1.нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл;
4.3.2.энэ хуулийн 4.3.1-д зааснаас бусад газарт газар зүйн /газар, усны/ нэр, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл.
4.4.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, тосгоны нэрийг тодотгосон бичвэртэй байна.
4.5.Гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлана.
4.6.Хаягийн тэмдэглэгээний стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
4.7.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
4.8.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
4.9.Засгийн газар хаягжуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.
5 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
5.1Хаягжуулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий хяналтын улсын байцаагч, эсхүл шүүх дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
5.1.1.гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээний стандартыг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
5.1.2.гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%