Швейцарь улсаас Бээжин хотод Хятад, Монголыг хариуцан суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Де Дардиел Мануель Мюулбах манай аймагт айлчиллаа.
Элчин сайд Монгол улсад тав дахь
удаагаа, харин Архангайд анх удаагаа ирж байгаа нь энэ ажээ. Швейцарийн Засгийн
газраас Швейцарийн хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол улсад хэд хэдэн
төслийг хэрэгжүүлдэг байна. Эдгээрийн нэг нь сумын Иргэдийн хурлын чадавхийг бэхжүүлэх, чадавхжуулах,
сум, орон нутагт засаглалыг сайжруулах зорилготой төсөл бөгөөд уг төслийн
хүрээнд нэг цонхны үйлчилгээ бий болжээ.
Элчин сайд Эрдэнэбулган сумын нэг
цонхны үйлчилгээтэй танилцав. Элчин сайдыг дагалдан Швейцарийн хөгжлийн
агентлагийн төлөөлөл ирсэн юм. Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй
бэлчээрийг зүй зохистой ашиглах “Ногоон алт” төсөл манай аймагт хэрэгжиж байна.
Монгол улсын хамгийн олон малтай манай аймгийн хувьд бэлчээрийн даацын хэтрэлт
хэрээс хэтэрсэн байдаг. Тиймээс бэлчээрийн нөхөн сэргээлт, зүй зохистой
ашиглалт гэх мэт “Ногоон алт” төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцлаа.
Төсөл хэрэгжүүлж буй газар нь л
төслөө хэрэгжүүлээд үр дүнг хянаад явах бус аймаг, орон нутаг нь дэмжиж,
хамтран ажиллаж, төсөл дууссан ч уламжлан авч явах асуудал чухал байдаг гэж
элчин сайд онцоллоо.