Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗОЛБИН НОХОЙГҮЙ УЛААНБААТАР

2015-11-09

Өнөөдөр та бид ганц хоёроороо ч юм уу эсвэл сүрэг сүргээрээ явах нохдыг хотын аль ч хэсгээс харж болно. Хотоор “зугаалж” байгаа тэдгээр нохдыг бүгдийг нь золбин гэхэд хэцүү. Нохой гэдэг амьтан л юм болохоор түүнд  идэж уухаас эхлээд бие махбодь, физиологийн бүхий л хэрэгцээ байгаа. Тиймээс эзэнтэй ноход ч үе үе “найзуудтайгаа” нийлэн хотоор зугаалах нь ердийн үзэгдэл болжээ. Нийслэл Улаанбаатар хотод 500 гаруй мянган нохой байна гэсэн судалгаа гарсан байна. Хүнээсээ илүү нохойтой болох цаг хаяанд ирээд байна.  Эзэнтэй, эзэнгүй нохдод хамаарсан олон асуудал нь Нийслэл хотын маань шийдвэрлэх “толгой гашилгасан” асуудлуудын нэг болж байна. Тэгвэл ямар арга замаар нохойны тоо толгойг хязгаарлаж, нохойтой холбогдсон олон асуудалд “баяртай” гэж хэлэх вэ?
Жингэр жилдээ 2 удаа гөлөглөж, нэг удаа гөлөглөхдөө 6-аас доошгүй гөлөг гаргадаг. Нохойны үржлийг хянахгүй бол нэг жингэр салбарлаж геометр прогрессоор үржсээр 6 жилийн дараа 67000 нохой болж үржих олон улсын тооцоо, судалгаа  байна. Ийнхүү үй олноороо өсч үржих нохой гээч амьтан маань ямар гээчийн зовлон зүдгүүрийг туулан байж энэ хорвоод амьдарч байна вэ?

Хашааны нохой гэж үнэхээр зовж зүдэрсэн үйлээ үзсэн амьтад байна. Хоол ундыг нь өгөхгүй хоёр, гурав хонуулдаг, өвлийн хүйтэн, зуны халуунд өдөр шөнөгүй уяж зовоодог хүйтэн цэвдэг сэтгэлтэнгүүд их байна. Монголд нохой болж төрөх үнэхээр хэцүү юм байна гэж гадаадын нэгэн хүн халаглаж хэлсэн тухай найзаасаа сонсож байсан маань үнэн гэдгийг энэ үгийг сонсноос хойш илүү их мэдэрдэг болсон юм.  Энд тэнд идэх хоолгүй, орох оронгүй явж байгаа нялх гөлөгнүүд, өөрийгөө болон нялх гөлөгнүүдээ тэжээх хоолгүй, амьтан хүнд ад үзэгдэж явдаг жингэрээс авахуулаад,  хүүхэд багачуудаар шоглуулан нүүр ам руугаа будаг цацуулах, хоншоороо хуулуулах, аваар осолд орж хөл гараа бэртээх, хүн амьтанд зодуулж бэртэл авах, халуун цай, хоолонд түлэгдэх, буудуулж хороолгох гэх зэрэг олон зовлон зүдгүүрийг амссаар хорвоог орхидог юм байна. Амьдрал гээч алагтай цоогтой, амьтны үрс сайнтай муутай гэдэг шиг бүх нохой ингэж зовдоггүй нь ойлгомжтой. Гэхдээ нохойгоо хайрлах, арчлах, хамгаалах энэ чанар манай ихэнх хүмүүст ялангуяа Улаанбаатарын гэр хорооллын хашааны нохойны эздэд үнэхээр дутмаг байна. Амьтныг хайрлах, арчлах, хамгаалах сэтгэл, мэдлэгийг бид бага наснаасаа эцэг эх, сургууль, цэцэрлэгээсээ л олж өөртөө суулгаж дадуулна уу гэхээс хууль дүрэм гаргаад хүмүүсийн сэтгэлгээ, мэдлэгийг өөрчлөх нь юу л бол. Тэгэхээр энэ тал дээр ч бас төр засаг, боловсрол соёлын газар бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй л байгаа юм даа.

Мөн түүнчлэн нохойтой холбогдож гардаг олон асуудлыг хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн хүрээнд шийдвэрлэх цаг тулгараад байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-ыг баталсан. Уг журманд “Нохой муур эзэмшигч байгууллага, иргэн нь орон сууц, гэр хорооллын хашаанд бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайгаар зугаалуулахдаа хошуувчтай байлгана” гэж заасан байдаг. Гэтэл зарим иргэд нохойгоо хошуувчгүй салхилуулж иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр  байна. 
2014 онд Нийслэлийн хэмжээнд 21 хүн нохойнд хазуулсан гэж бүртгэгдсэний ихэнх нь эзэнтэй нохойнд хазуулсан байна. Бидний нүднийхээ булангаар хялайн харж, ад үзэн хөөж туудаг золбин ноход хүн хазах нь эзэнтэй нохойноос бага байна. Нохойнд хазуулсан хүн хазуулсан даруйдаа Гэмтлийн эмнэлэгт очиж  үнэ төлбөргүй тарилга галзуугийн эсрэг вакцин хийлгээд улмаар харьяа дүүргийнхээ эмнэлгээр 10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Манай зарим хүмүүс нохойнд хазуулсан хирнээ тарилгаа хийлгэхгүй байснаас галзуу өвчин тусах, халдвар авах, мөн амь нас нь эрсдэх ч тохиолдол байдаг гэнэ. Нохойноос гаралтай өвчнөөр өвчилсөн хүн сүүлийн 3 жилд 38 байна.
Нохойд хазуулсан хүн, хазсан нохойны эзэн хоёрын, мөн эзэнтэй нохойг буудан хорооход гарсан маргаан зэргийг хууль журманд нарийн тодорхой тусгаагүйгээс иргэд хооронд хэрүүл, маргаан их гарч байна. Буудуулаагүй байхад нь нохойгоо харж хамгаалаагүй хирнээ буудуулсан хойно нь хайртай нохой минь гэж хүн амьтнаас мөнгө төгрөг нэхдэг этгээдүүд олон байдаг гэнэ. Саяхан Гачуурт тосгонд гудамжны ноход галзуурсан байна гэж нэгэн иргэн мэдээлснээр анчин ирж 3 нохой устгахдаа эзэнтэй айлын нохой устгасан нь эзэн нь нохойгоо төлүүлнэ гэж бөөн хэрүүл маргаан дэгдээгээд байгаа сурагтай. Яг ийм тохиолдол нэг бус нэлээд их гардаг гэнэ. Энэ асуудлыг зохицуулах талаар хууль журмандаа нарийвчлан тусгаж өгөх нь зүйтэй болов уу. 
Нохойны ялгадас хотын нийтийн эзэмшлийн болон гудамж талбай, агаар хөрсийг бохирдуулж, хотын өнгө зүс, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 онд батлагдсан 222 дугаар журманд “нохой, муурны байр, уяа, идүүр зэргийг тогтмол сэргийлж ариутгуулж байна.” “нохой, муур эзэмшигч нь нохойндоо жил бүр тогтоосон хугацаанд тарилга, туулгалтыг хийлгэж байх” “дундын өмчийг нохой, муурны ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулбал эзэн нь өөрөө цэвэрлэнэ” гэх зэргээр тусгаж өгсөн байгаа боловч үүнийг мэддэг хүн, мэдсэн хирнээ хэрэгжүүлдэг хүн ховор байна. Хэрвээ эдгээр заалтуудыг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх талаар  тодорхой зааж өгөөгүйгээс энэ заалтууд ёстой л цагаан дээр хараар бичсэн гоё ганган үгнээс өөрцгүй болоод байна. 
Нийслэлд золбин нохойг буудаж устган нохойны тоог цөөрүүлэх арга хэмжээ авч байгаа. Гэвч энэ арга хэмжээ үр дүн муутай байгаа нь энд тэндгүй дур зоргоороо “зугаалан” элдэв янзын хэл ам дагуулж байгаа нохдын өнөөдрийн байдал, нохойтой холбоотой гарч байгаа олон асуудлаас харж болно. 
Нийслэл хотод олны нүдэн дээр нохой буудаж устгаж байгаа нь оновчтой зөв арга биш юм. Монгол хүн эрт дээр цагаас хүний үнэнч нөхөр хэмээж бусад амьтдаас илүү дотночлон үздэг байсан нохойгоо Нийслэл хот дотроо, хүн амьтны дунд буун дуу гаргаж хороож байгаа нь хүн амьтны аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Хоногийн хоолоо олж идэх гэж халуунд халан, хүйтэнд хөрч, машин замын осол, хүүхэд багачууд, хүн амьтны тоглоом шоглоом, зодуурын бай болж амь зууж байгаа гэм зэмгүй олон нохдын утсан чинээ улаан амийг юман чинээ үл тоон буудан хороож, амийг нь хөнөөдөг  эмгэнэлтэй бөгөөд харгис аргаар бид нохойныхоо тоо, толгойг хязгаарлаж байна.
Хэсгийн ахлагчийг хэдэн нохой устгасны гэрч болгож нохой буудахдаа авч явдаг сонин аргыг манай Монгол улс хэрэглэдэг. Амьтны амийг буун дуу гаргаж хороож байгааг, улаан цусыг нь харж байгаа хүний сэтгэл ямар байхыг  үгээр хэлэх аргагүй. Нохой агнах ажлаас хэсгийн ахлагчид үнэхээр халширч эмээдэг юм байна. Мөн Хятад, Солонгос ресторанууд барилга дээр ажилладаг Хятадууд нохойн анчдаас нэг нохойны махыг 20000-30000 төгрөгөөр авдаг ба ямар ч шинжилгээгүй махаар хоол хийж ашиг орлого олдог далд бизнес байгаа нь нууцгүй.
Уламжлалт Бурханы шашны ойлголтоор амьтан алахыг цээрлэж, амьтны амь хороохыг 10 хүнд нүглийн хамгийн хүнд нь гэж үздэг. Амьтны амийг хороосон, хорооход оролцсон бүх хүн хамтаараа үйлдсэн муу үйлийн үрийг бүтээж, тэр үйлийнхээ үрийг заавал хожим хойно эдэлнэ гэж Бурханы шашин сургадаг. Шашин номын сургаалыг больё гэж бодвол, бид өнөөдөр “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулна” гэж Үндсэн хуулиндаа тунхагласан улс шүү дээ. Нохойг хүн ард, хүүхэд залуучуудынхаа дэргэд буудан хороох нь хүмүүнлэг, энэрэнгүй ёс мөн үү? 
Мөн агнасан нохойгоо задгай портер дээр цусыг нь гоожуулан ил задгай ачиж хотоор авч явдаг. Агнасан нохойныхоо хошууг тоолуулж цалин хөлсөө авдаг учир нохойны их биеийг гуу, жалган дотор орхиж хаях тохиолдол байдаг гэнэ. Нохойны сэг зэмийг нь газрын хөрсөнд булсан тохиолдолд ариутгалын бодис хийх ёстой байдаг ч хийдэг үгүйг нь ёстой бурхан л мэдэх байх даа. Эдгээр нь байгал орчин, агаар, хөрсийг бохирдуулж, халдварт өвчин гарах нэгэн том шалтгааныг бүрдүүлж өгч байна. 
Нохой ухаантай амьтан учир нохой агнадаг анчны үнэрийг анддаггүй гэнэ. Мөн нэг нохой буудангуут нөгөө ноход нь  тал тал тийшээ таран оддог нь нохой агнах нь тийм ч амар ажил биш арга ухаан, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил болохыг харуулж байна.
Жил бүр улсаас нохой буудаж устгах ажилд их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Гэвч энэ арга нь түр зуур нохойны тоог багасгадаг ч хавар, намар нохойны орооны  үе эхэлж, дахиад гудамжны нохойны тоо ихэсдэг. Дэлхийн олон орон нохойны үржлийг мэс ажилбараар хаах аргаар нохойныхоо тоог хязгаарлан барьж байдаг юм байна. Энэ нь бүрэн наркоз хийсний үр дүнд мэс ажилбарын аргаар охин нохойны сав өндгөвч, эр нохойны төмсгийг боох арга юм. Үүний үр дүнд нохой гөлөглөхгүй, ороо орохгүй болдог. 
Нохой бол үр зулзагаа үлдээхээс илүү эзний хайр халамжийг хамгийн ихээр хүсдэг хүний үнэнч анд. Тэдэнд өвдөх, шаналах, айх, өрөвдөх, өлсөх, даарах, гомдох зэрэг бидэнд байдаг мэдрэмжүүд байдаг боловч үр төлөө үлдээсэнгүй гэж төдийлөн чухалчилдаггүй. Энэ мэс ажилбар нь савны хавдар, хөхний хавдар гэх мэт өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг. Мөн нялх гөлөг хөлдөж, өлсөж, машинд дайруулж үхэх аюулуудаас сэргийлнэ. Туулганд давхар хамрагдаж хүн, амьтанд халдварлаж болох олон шимэгч хорхойноос ангижирна. 
Дүгнэж хэлбэл, нохой муурны тоог бууруулж байгаа өнөөдрийн арга үр дүн муутай байгаа учир нохойны тоо, толгойг бууруулах хүмүүнлэг, энэрэнгүй арга болох нохойны үржлийг хаах аргыг хэрэглэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүний тулд төр, засгаас бодлого боловсруулж, энэ аргын үр дүнг иргэдэд ойлгуулж сурталчлах, мэс ажилбарыг хийх эмч, боловсон хүчин, эмнэлгийн байгууллага зэргийг бэлтгэх  хөрөнгө мөнгийг төсөвлөж, далайцтай ажил  хийж, цогц арга  хэрэгтэй юм. Энэ аргыг хэрэглэснээр 10 жилд нохой буудах төслийг 5 жилийн дотор зарцуулж асуудлаа шийдээд түүнээс цааш нохойны тоог бууруулахын тулд улсын төсвөөс хэдэн саяар мөнгө төсөвлөх шаардлагагүй болно. 
Мөн түүнчлэн нохойтой холбогдож гардаг олон асуудлыг хууль эрх зүй, нийгэм эдийн засгийн хүрээнд шийдвэрлэх цаг болсон байна.


Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Ц.Хонгор




Ашигласан материал:

             -Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар     тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”

Чингэлтэй дүүргийн 16 дугаар  хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн,        зохион байгуулагч З.Ганбат, хэсгийн ахлагч нар, дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяр, “Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон нараас бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага авсан.







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%