Сүүлийн үед хүн амын төвлөрөл, барилга байгууламж ихсэж байгаатай зэрэгцээд галын түймрийн гамшиг жилээс жилд нэмэгдэж байна гэсэн тоо судалгаа гарсан байна. Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж энэ оны 7-р сарын 2-нд УИХ-аар баталжээ.
Уг хууль анх 1999 онд батлагдаж, энэ оны 6-р сарыг хүртэл хэрэгжиж байсан байна. Хэдийгээр шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн ч мэргэжлийн байгууллагын албан хаагчдаас өөр хүмүүс тэр болгон мэдэхгүй байгаа юм. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Галын аюулгүй байдлыг хангах шинэчилсэн хуулийг сурталчилах зорилгоор нэгдсэн өдөрлөг арга хэмжээг орон даяар хийж байгаа ажээ. Манай аймагт зохион байгуулагдсан Галын аюулгүй байдлыг хангах тухай шинэчилсэн хуулийг сурталчилах өдөрлөг арга хэмжээний үеэр аймгийн онцгой байдлын газраас гал унтраахад ашигладаг техник тоног төхөөрөмжөө сурталчилах, галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Онцгой байдлын ерөнхий газраас хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан торгууль тавьж шийтгэхээс өмнө нэн түрүүнд галын аюулгүй байдлыг хангах тухай шинэчилсэн хуулиа ард иргэдэд сурталчилах ажлыг хийхээр болсон байна. Үүний дараагаар хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах юм байна. Эх сурвалж /http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/3832/