Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2015-11-12

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх дэд хөтөлбөр” батлагдлаа. Хөдөлбөрийг бүрэн эхээр нь нийтлэв. 

ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ

ДЭД ХӨТӨЛБӨР 

Нэг. Дэд хөтөлбөр боловсруулах үндэслэл

            Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагын тайлан  мэдээгээр  осол  гэмтэл  хүчирхийллийн  улмаас жил бүр дэлхий даяар 5 сая гаруй хүн ам насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна. Осол гэмтэл нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 9-р, 15-44 насны хүн амын нас баралтын шалтгааны 7-рт бүртгэгдэж байна.

            Монгол улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлийн улмаас нас барах нь хүн амын нас баралтын шалтгааны 3-рт, осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн 5-рт орж байна. 2002 онд осол гэмтлийн тохиолдол 10000  хүн тутамд 274.6 байсан бол 2008 онд 422.4, 2013 онд 578.4 осол гэмтлийн улмаас нас барсан үзүүлэлт нь 7.7 байсан бол 2008 онд 9.3, 2013 онд 9.6 болж тус тус өссөн байна. Осол гэмтлийн бүртгэгдсэн тохиолдлын 69.3 хувийг эрэгтэйчүүд 30.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас үзэхэд эрэгтэйчүүд осол гэмтэлт өртөх нь эмэгтэйчүүдээс 2.2 дахин их байна.

2013 онд осол гэмтлийн улмаас нас барагсадын 79.9 хувь нь эрэгтэйчүүд, 20.1 хувь нь эмэгтэйчүүд эзэлж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4.2 дахин илүү нас барж байна.

Архангай аймгийн хувьд осол гэмтлийн тохиолдол 2004 онд 10000 хүн амд 54.0 байсан бол 2013 онд 113.9 болж 2.1 дахин нэмэгдэж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү осол гэмтэлд өртсөн байна. Осол гэмтэлд өртөгсөдийн 53.2 хувь нь 15-44 насны хүмүүс байна.

 Осол гэмтлийн шалтгаанд өндрөөс унах буюу хальтарч унах, зам тээврийн осол, амьгүй механик хүчинд өртөх, халуун бодист өртөх шалтгаан эхний байруудыг эзэлж байна.

Нийт осол гэмтэлд өртөгсөдийн 27.9 хувийг 0-19 насны хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэний осол гэмтлийн шалтгаанд өндрөөс ойчих (39.5%),  зам тээврийн осол (24.4%), амьтай ба амьгүй механик хүчинд өртөх шалтгаан давамгайлсан байна. 0-1 насны хүүдүүдийн дунд өндрөөс ойчих (59.%), халуун бодист өртөх (8.2%) шалтгаан зонхилж байгаа бол 1-4 насныханд өндрөөс ойчих (44.3%) шалтгаан зонхилж байна. Хүүхэд өсвөр үеийнхэнд тохиолдож буй зам тээврийн ослын дийлэнх нь мотоциклийн осол, мориноос унах осол байна.

Осол гэмтлийн шалтгаант нас баралт 2004 онд 10000 хүн амд 7.0, 2013 онд 5.5 болж буурсан үзүүлэлттэй байгаа боловч сүүлийн 10 жилд 546 хүн осол гэмтлийн улмаас нас барсан ба нас баралт төдийлөн тогтвортой буурахгүй байна.

Осол гэмтлийн нас баралтын шалтгаанд зам тээврийн осол 25.8 хувийг, үүний дотор мотоцикльтой зорчигч тээврийн осолд орсон тохиолдол 34.8 хувийг эзэлж байна.

Архангай аймагт осол гэмтлийн тохиолдол жил тутам нэмэгдэж, түүнээс үүдэлтэй нас баралт буурахгүй байгааг харгалзан Архангай аймгийн “Осол гэмтлээс сэргийлэх” дэд хөтөлбөр батлан, хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй байна.

Архангай аймагт сүүлийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 4 жилийн дунджаар жилдээ 250-300 хүн эрүүлжүүлэгдэж, 30 орчим хүн албадан баривчлагдаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг  2013 онд 12, 2014 онд 29 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Хоёр. Дэд хөтөлбөрийн зорилго

 

Хөтөлбөрийн зорилго нь осол гэмтэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар осол гэмтлийн сөрөг үр дагаварыг багасгахад оршино.

 

Гурав. Дэд хөтөлбөрийн зорилт

 

3.1. Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилт хэрэгжүүлнэ.

 

3.1.1. Зам тээврийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагыг  өөрчлөн  зохистой зан үйлийг төлөвшүүлэх, энэ чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар  зам тээврийн осол гэмтлийг бууруулах

3.1.2. Хүүхдийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдрах, сурах хөдөлмөрлөх аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүүхдийн осол гэмтлийг бууруулах

3.1.3. Осол гэмтлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

3.1.4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, дэд бүтэц, худалдаа үйлдвэрлэлээс шалтгаалсан осол гэмтлээс сэргийлэх, түүнийг хянах

3.1.5 Хүчирхийлэлд хүргэж байгаа шалтгаан, нөхцөлийн хяналт тандалт, болон салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах

 

Дөрөв. Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

4.1. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчим баримтална.

 

4.1.1. Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагаанд иргэн, гэр бүл, хамт олон, ТББ, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангаж, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах

4.1.2. Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг нийт хүн ам, эрсдэлт бүлэг болон гэмтсэн хувь хүнд  чиглэсэн, баримт нотолгоонд түшиглэсэн байх

4.1.3. Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн болон осол гэмтэлтэй холбоотой бусад хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах

 

Тав. Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

 

5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах ажлыг бүх шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

5.3. Хөтөлбөрийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  үндэсний хөтөлбөр, хүүхдийн хөгжил хамгаалал үндэсний хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө болон осол гэмтлийн чиглэлээр хэрэгжиж байгаа бусад төсөл,  хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

5.4. Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны ач холбогдлын талаар олон нийтэд оновчтой хүртээмжтэй  хэлбэрээр сурталчилж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхэд анхаарч ажиллана.

 

Зургаа. Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа

 

2015-2017 онд

 

 Долоо. Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр

 

7.1. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

     улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө

     эрүүл мэндийг дэмжих сан, хүүхдийн төлөө сан, аймгийн авто замын сан гэх мэт

     байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж

     олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж

     бусад эх үүсвэр

 

Найм. Дэд хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

 

8.1. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ.

 

- Зам тээврийн болон хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх орчин бүрдэнэ.

- Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирна.

- Осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх эмнэлгийн тусламж  үйлчилгээний  чанар, хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн чадавхи сайжирна.

-  Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг хамт олон, байгууллагын тоо нэмэгдэнэ.

- Хүчирхийлэлд өртөгсөдөд тусламж үзүүлэх орчин бүрдэнэ.

- Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлснээр хөдөлмөрийн чадвар алдалдтыг бууруулна.

 

8.2. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.

 

 

Шалгуур үзүүлэлт

2013 оны суурь түвшин

2017 онд хүрэх түвшин

Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол /100 000 хүн тутам/

21.6

19.0

Мотоциклын ослын улмаас нас барсан /100 000 хүн тутам/

7.6

6.0

Хүүхдийн осол гэмтлийн тохиолдол /10 000 хүүхэд тутамд/

91.0

80.0

Түлэгдэлт /10 000 хүн тутам/

4.7

3.7

Осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх талаар сургалтад хамрагдсан:

-       цагдаа

 

30%

 

90%

-       онцгой байдлын албаны ажилтан

100%

100%

Согтолтын зэрэг хэмжигч багажийн хангалт /тоо/

1

20

Хурд хэмжигч багажийн хангалт тоо

0

2

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо

774

650

Хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх “Хүчирхийллийн эсрэг төв” тэй болох

0

1

Осол гэмтлийн үед анхны тусламж  үзүүлэх чадавх бүрдсэн ЭМТ-үүдийн тоо

4

19

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%