Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Бизнес хийдэг хүн ямарч тохиолдолд бэлэн байх ёстой

2015-11-10

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Барилга угсралтын "Гурван тамир" ХХКомпаний захриал Ж.Нэргүйтэй ажил хөдөлмөрийнх нь талаар ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Архангай аймгийн барилгын салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай хүний хувьд энэ салбарын хөгжил хаана явна вэ?

-Барилгын угсралтын трест 1000 гаруй ажилчинтай, олон сайхан ахмад, залуу инженерүүдтай байлаа. Манай байгууллагын барилгачид Улаанбаатар хотын ойролцоо барилгачдын амралт, Төв аймгийн Эрдэнэсантад хүн эмнэлэг, сургууль, үтрэм, хоёр айлын орон сууцны барилгуудыг барьж байлаа. Ид сайхан материаллаг баазтай хийж байсан үедээ тарж бутарч алга болсонд одоо ч харамсдаг юм. Одоо бид бүх зүйлийг шинээр хийх гэж хөдөлмөрлөж байна даа. Улсын хэмжээнд манай олон инженерүүд сайн ажиллаж байна. Жишээ нь: Х.Ганпүрэв "Хурд" групын барилгын сантехникч, Ц.Эрдэнэбат Улаанбаатар хотын бүтээн байгуулалт нэгдлийн ерөнхийлөгч, Д.Амгалан инженжер Төрийн орон сууцны корпорациудын барилгуудад хяналт хийж байгаагаас харахад чадвартайгаа харуулж байна. Эд нар маань ч биднийгээ дэмжиж тусалдаг. Аймгийн барилгачид ямарч барилгыг барина шүү. Өнгөрсөн жил жижиг компаниуд нэгдэж чадвал аймагт баригдах орон сууцны барилгыг бариулна гэхээр нь Архангай бүтээн байгуулалтын нэгдэлбайгуулан тендерт оролцож ялагдсан даа.

            Одоо баригдаж байгаа орон сууцанд танай ажилчид орох юм гэсэн яриа бий? Хэзээ ашиглалтанд орох вэ?

-Энэ байршилд 90 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн. 2015 оны 12-р сарын 1-нд ашиглалтанд оруулна. Өнгөрсөн жилийн барисан орон сууцанд хоёр инженер, нэг жолооч маань орсон. Энэ орон сууцанд нэлээн хэдэн хүн орохоор байгаа. Төрөөс орон сууцны 8 хувийн зээл өгдөг болсон нь барилгын ажлыг дэмжсэн том ажил болсон.

            Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талын сургалт хичээлүүд дээр танай ажилчид түлхүү хамрагдаж байгаа харагддаг?

-Ажилчин хүн аюулгүй нөхцөлд ажиллахыг байгууллага хариуцна. Тийм ч учраас тодорхой хэмжээний хөрөнгө санхүү зарцуулах ёстой. Аюулгүй байдал хангагдаагүй бол ажилд гарахгүй байж болно гэж хэлдэг, ажил хийнэ гэдэг амар биш л дээ. Манайд олон жил ажилласан арвин туршлагатай О.Хүрэлбаатар, Ц.Нарангэрэл, Б.Энхтуяа, Ж.Нямдорж, Б.Дулам гээд олон сайхан инженерүүд ажиллаж  байна. Ажлын байрны аюулгүй ажиллагааны норм дүрмийг ажилчин бүр мэдэж байх ёстой. Ийм байлгахын тулд ажилчдаа сургалт, семинарт хамруулж ажилд гарах бүрд нь ажлын зааварчилгаа байнга өгдөг.

            Зорилгогүй хүн цүнхгүй явдаг гэх үг хаа нэгтээ сонсож байлаа. Нэргүй даргыг хар цүнхгүйгээр төсөөлөхгүй юм шиг. Эргэтэй хүн байнга цүнх үүрч явахыг олон хараагүй санагдах юм. Магадгүй энэ таны амжилтын нууц уу?

-Бизнес хийдэг хүн ямарч юм тохиолдоход бэлэн байх ёстой гэж боддог. Би жилд нэг цүнх элээдэг. Цүнхтэй хүнтэй юм ярьж байгаа хүн итгэлтэй байна биздээ. Ямар нэгэн асуудал гарахад тэр дор нь шуурхай арга хэмжээ авна шүү дээ. Өдрийн ажлаа төлөвлөөд цүнхэндээ хийгээд л гарна. Цүнхэнд ажлын багаж хэрэгсэл гээд л юм юм байна.

            Хүний итгэл хүлээнэ гэдэг том хүндлэл, тэр хэрээр маш том хариуцлага. Иргэд танд итгэл хүлээлгэж, аймгийн ИТХ-д олон удаа сонгосон. Иргэдийн итгэлийг хүлээнэ гэдэг гоё машин унаж, сайхан өрөөнд суухыг хэлэхгүй гэж та хэлсэн байдаг?

-Хүний итгэл хүлээнэ гэдэг том үүрэг хариуцлага. Итгэлийг нь хөсөрдүүлчих вий гэж айж байх ёстой. Дөрвөн жил аймгийн засаг дарга хийхдээ УАЗ- 469 машин унадаг байсан. Болж л байсан тэглээ гээд муудсан юм байхгүй. Төрийн албаны стандарт гэж байх ёстой. Тэр хэмжээнд л байх хэрэгтэй. Татвар төлдөг хүмүүс чинь мөнгөө дурамжхан л өгдөг. Гэтэл төлсөн мөнгөөр нь үр дүнгүй ажил хийж тансаглаад байвал харамсаж л байгаа шүү дээ. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар өөрсдийгөө төрийн төлөөлөгч юм шиг бодоод байдаг л даа. Тэгээд зам тавидаг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бариулдаг гэж. Уг нь тэр төлөөлж гарсан иргэдийнхээ эрх ашгийн төлөө, төрийн дарамт шахалтаас сэргийлж, төр захиргааны ажилд хяналт тавиж ажиллах үүрэгтэй байтал, Засаг дарга шиг яриад явах юм. Уг нь шат шатны Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийг баталж, түүний биелэлтэнд анхаарч хяналт тавиж ажиллах ёстой юм. Заримдаа манайх чинь хэдэн ч Засаг даргатай билээ гээд андуурмаар л байх юм. Аймаг даяар л цалингаа авч чадахгүй, сар туршилтаар ажиллаад гарлаа гэх болж. Хүний эрхийг нь хамгаалдаг нөгөө төлөөлөгчид маань худаг гаргаж, зам тавьж яваа юу?

            Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга байхдаа олон ажил хийсэн байх?

-Би их азтай хүн шүү. Намайг Засаг дарга болоход ИТХ-ын даргаар  төрд олон жил ажилласан, олон жилийн туршлагатай, мундаг мэдлэг боловсролтой А.Шаравсамбуу гэдэг даргатай ажилласан. Их түшигтэй ажил хийх гэж байгаа хүн эхлээд сайн бод, дараа нь хүмүүстэйгээ зөвлө, тэгээд цаасан дээр буулга гэнэ. Энэ зөвөлгөөний дагуу 80 жилийн ойг сайхан тэмдэглэсэн дээ. Тухайн үеийн манай баг их туршлагатай хүмүүс байсан. Аймгийн баяр наадмыг сайхан тэмдэглэж, будлиангүй янз бүрийн юмгүй хийгээрэй. Наадам бол засаг даргын өнгө байдаг юм шүү гэдэг байсан. Олон ажил хийх бодлогыг гаргаж, амжуулсан даа. Жишээ нь аймгийн 80 жилийн ойгоор засгийн газраас өгсөн 200 сая төгрөгийн дэмжлэгээр орон сууцны сан байгуулж энэ Гоё байшинг бариулж, олон төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлсэн. Мөн цагаан давааг 18 метр доош намсгаж засварлуулсан, аймгийн төвийн спорт заалыг хандивийн хөрөнгөөр бариулсан, мал аж ахуйн салбарт цөм сүрэг эрхлэхийг тавьсан, хүүхдийг эцэг эхийн оролцоотой сургуульд бэлтгэх шинэ арга нэвтрүүлсэн, нэгдсэн эмнэлэгт теле  оношлогооны ажлыг эхлүүлсэн, багийн засаг дарга нарын дунд уралдаан зарлаж багийн иргэдийн оролцоотойгоор багийн төвүүдийг засч тохижуулж байв. Мөн үлийн цагаан оготно устгах томоохон ажлыг хийж байлаа. ИТХ-ын дарга байхдаа Засаг дарга Ж.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж байлаа. Хурлын дарга хүн чинь Засаг даргынхаа ажилд хяналт тавина. Олон ажлыг энэ болохгүй тийм хууль дүрэм, журам байна уу, таны тийм захирамж чинь иргэдийг хохироож байна гээд л хэлнэ. Санал зөрөх юм бишгүй л гарна. Зарим нэгийг нь ИТХ-аар авч үзнэ буцаана, дахин нягтлуулна, дэмжих юмаа ч сайн дэмждэг байлаа. Тухай үед Нэргүй , засаг даргын ажлыг хийлгэхгүй байна гэж яридаг хүмүүс ч байлаа. Яая гэх вэ хууль нь тийм юм чинь. Саяхан Хүрэлсүх даргатай уулзсан. Танд их баярладаг шүү, хууль дүрмээрээ байх нь зөв юм байна лээ шүү гэж байсан. Нэгийг бодогдуулсан юм болуу даа. Дарга хүн хуульд заасан эрх хэмжээнд нь ажиллах ёстой юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал шинэ байгууллага зөв голдирлоор нь зүгшрүүлэх ёстой. Үе үеийн аймгийн удирдлагууд их юм хийсэн байдаг. Санаа авч үргэлжлүүлэх ажил ч бий. Би ч ийм, тийм том ажил хийсэн гээд байх нь хаашаа юм бэ дээ.

            Таныг шилдэг улс төрч гэдэгтэй маргах хүн үгүй биз? 

-Би магтаал, сайшаал ямар нэг юманд тодрох дуртай биш. Улс төр, төр засгийн ажилд дадлагажуулсан олон хүн бий л дээ. Тэд нараас өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Намайг Засаг дарга болгохгүй гэж манай намын зарим нөхөд ардчилсан намынхантай нийлж, аймаг даяар томоохон ажил зохион байгуулж хор найруулж байсан. Бэрхшээлтэй тулгарсан хүн чинь хат сууж харин ч сайн болдог байхгүй юу. Харин мэргэжлээрээ бол шилдэг сайн инженер үү гэвэл тийм гэнээ. Одоо монгол улсын зөвлөх инженер, магистр зэрэгтэй шүү.

            Мартснаас саяхан таныг аймгийн нэгдсэн эмнэлэгт ходоодны шинжилгээ авдаг багаж хэрэгсэл бэлэглэсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархаж, олон хүн талархал илэрхийлсэн байсан?

-Тэр үнэн. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Амгалан надад санал тавьж туслах боломж байна уу гэсэн юм. Тэгээд л тусалсан. Ер нь эмнэлэгт туслах буянтай сайхан ажил. Хүний бие муу байхад ямар хэцүү байдаг билээ. Дахиад ч бодож төлөвлөж байгаа юм бий.

            Таныг хүмүүс тусархаг сайхан сэтгэлтэй гэх юм билээ?

-Би ээжтэйгээ өссөн хүн. Ээж маань намайг бага байхад миний хүү болж өгвөл л хүнд тусалж байгаарай гэж захидаг байсан. Тийм хүмүүжил ч олгосон. Ганцаараа түлээ хөрөөдөж байгаа хүн байвал татаж өг, хажуу айлд ус, түлээ, аргалыг нь оруулж өгч бай, морийг нь хүртэл аргамжаад өгч бай гэдэгсэн. Аймгийнхаа жүдогоор сайн барилддаг хүүхдэд туслаач гээд л Батдэлгэр багш байсхийгээд л ирнэ. Арай ч хоосон буцаахгүй, хувь хүмүүс ч нилээд ирнэ. Ер туслахыг л бодно. Гэхдээ юм хязгаартай шүү дээ. Хүний амьдрал хэцүү байна гээд гудамжинд жаахан халамцуу нөхөр мөнгө гуйна. Хоёр жилийн өмнө 3000 төгрөг гуйдаг байсан, өнгөрсөн жил 5000, энэ жил 6000 төгрөг болсон байна лээ. Юм үнэд орсон юм байлгүй дээ. Эд нар ч бас хүн шүү дээ. Таны ажилд туслана л гэдэг юм. Өөрийн мэргэжлээр их туслана. Надаас барилгын тухай их асууна, ажил төрлийн холбоотой олон хүн бий. Хийсэн ажлын хөлсийг нь цаг хугацаанд нь өгөхийг хичээнэ. Тантай ажиллах сайхан байдаг гэж  малгай өмсүүлнэ. Таниас авсан мөнгө юм болдог, сэтгэл сайтай, танд загнуулах ч сайхан гээд л тал засна. 

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%