“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг
хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны
сангийн буцалтгүй тусламжаар Монгол улсын Засгийн газраас /ХХААЯ/ 2012 оноос Архангай,
Булган, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжүүлж эхэлсний нэг нь Архангай
аймагт амжилттай хэрэгжиж байна.
Манай зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь сонгогдсон сумдад
өрхийн хөдөлмөр эрхэлж байгаа, санхүүгийн боломж муутай өрх толгойлсон,
хөгжлийн бэрхшээлтэй ядуу, нэн ядуу эмэгтэйчүүдийг бүлгийн зохион байгуулалтанд
оруулж, бүлгээрээ бизнесийн төлөвлөгөө, төсөл бичих болон бусад технологийн
сургалтанд хамрагдан, тэдгээр бүлгүүдэд 10,000,000 хүртэлх төгрөгийн зээлийг
жилийн 8 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгоно. Мөн зээлийн барьцаа
хөрөнгийн 80 %-ийн батлан даалт гаргадаг. Мөн ХЭДС болон сум хөгжүүлэх сангийн
зээлэнд хамруулна.
2012 онд Эрдэнэбулган суманд 8, Батцэнгэл суманд 5, Өлзийт суманд 4,
Ихтамир суманд 5 нийт 22 бүлэг байгуулагдсан. 2013 онд Эрдэнэбулган суманд 8,
Цэнхэр суманд 7, Өндөр-Улаан суманд 11, Тариат суманд 5 нийт 31 бүлэг
байгуулагдсан. 2014 онд Эрдэнэмандал суманд 13, Хотонт суманд 9, чулуут суманд
8, хуучин 2 сум болох Цэнхэр суманд 8, Тариат суманд 5 нийт 43 бүлэг
байгуулагдсан. Нийт 95 бүлэг байгуулагдан ажиллаж байна.
Байгуулагдсан бүлгийн гишүүдэд хүнсний ногоо даршлах, боловсруулах, оёдол,
сүү цагаан идээ боловсруулах, талх нарийн боовны сургалт зэрэг технологийн
сургалтуудыг зохион байгуулсан ба мөн цаашид бүлгүүдийг өргөжүүлэн хоршоо
болгох зорилгоор хоршооны сургалтыг зохион байгуулсан.
2014 оны 07 сарын 3-наас 5-нд Цэнхэр суманд Говь-Алтай, Архангай аймгуудын
эмэгтэйчүүдийн бүлгүүдийн дунд “Харилцан туслалцаж, хамтдаа хөгжицгөөе”
туршлага солилцох уулзалтыг амжилттай зохион байгуулж, бүлгийн гишүүд харилцан
туршлагаа солилцон, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан.
Эмэгтэйчүүдийн бүлгүүд сум аймаг орон нутагт зохион байгуулагдаж байгаа
үзэсгэлэн худалдаанд байнга амжилттай оролцдог ба 9-р сард Улаанбаатар хотод
зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанаас Чулуут сумын
“Буян” бүлгийн тавгийн идээ шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.
2015 онд сонгогдсон сумдад төрийн өмчийн ашиглагдахгүй байгаа барилгыг
засаж эмэгтэйчүүдийн бүлгүүдийг ажлын байраар хангах зорилгоор Эрдэнэмандал
сумын хуучин халуун усны барилгыг засварлах, Цэнхэр сумын ахуй үйлчилгээний
барилгын дулаалга, халаалттай болгох засварыг тус бүр 30,000,000 төгрөгийн
санхүүжилтээр хийж дуусгасан.
Мөн 2015 онд хүнсний ногоо тариалдаг бүлгүүдээс хоёр бүлэгт бороожуулагч
өгсөн ба 11 бүлэгт гар үрсэлгээний машин, 20 бүлэгт хүлэмжний плёнка зэргийг
буцалтгүйгээр олгосон. Төслийн зээлийг Төрийн болон Капитал банкуудаар
дамжуулан олгож байна. Дээрх банкуудаар дамжуулан 2013 онд 99,000,000 төгрөг,
2014 онд 245,000,000 төгрөг, 2015 онд 249,000,000 төгрөгийн зээлийг эмэгтэйчүүдийн
бүлгүүдэд олгоод байна.