Архангай аймгийн Ихтамир сумын хөдөөгийн дөрвөн баг тогтмол үйл ажиллагаатай байж иргэддээ үйлчилж байна. Тодруудбал Хөхнуур, Хан-Өндөр, Борт, Бугат багууд энэ оны орон нутгийн сангийн хөгжлийн 60-70 сая төгрөгийн санхүүжилтээр багийн төвийн шинэ барилгатай болжээ.
Дээрх багууд цахилгаан мотороор гэрэл цахилгаанаа, нам даралтын зуухаар дулаанаа шийдэж багийн Засаг дарга, багийн эмч нар нь тогтмол үйл ажиллагаатай байж өдрийн найман цагаар иргэддээ үйлчилдэг байна.
Харин малын эмч, байгаль хамгаалагч нар нь ихэвчлэн айл өрхүүдээр явж үйлчилгээ үзүүлдэг гэнэ.
Аймгийн Засаг даргын дэвшүүлсэн баг бүрт багийн Засаг дарга, хүн, малын эмч, байгаль хамгаалагч нь суурьшин амьдрана гэсэн зорилтыг Ихтамир сумын багууд хэрэгжүүлээд байгаа ажээ. Багийн төвийг хурал, уулзалт, баярын арга хэмжээнд ашигладаг нийтлэг хандлага байдаг. Тэгвэл тус багийн иргэд төрийн анхан шатны үйлчилгээг багийн төвөөсөө авах болсон нь бусад сумын багуудад үлгэр дууриал болохуйц үйлчилгээ болжээ.