Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Зорилготой амьдаръя-2" өдөрлөг сургалтыг зохион байгуулав

2015-12-28

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай параламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж хорих ял нь тэнссэн, шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ангиудаас суллагдсан, захиргааны хяналт зогсоогдсон иргэдэд Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Зорилготой амьдаръя-2” өдөрлөг-сургалтыг зохион байгууллаа. 
Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран   “Зорилготой амьдаръя” өдөрлөг-сургалтыг 2014 онд мөн зохион байгуулж шүүхээс хорих ял оногдуулж тэнсэн, ял хойшлуулсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ангиас суллагдсан 40 гаруй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, ажлын байранд зуучлан, сургалтанд хамруулж, уг арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөг, сургалтын арга хэмжээнд Өршөөлийн тухай хуульд хамрагдсан, хорих ангиудаас суллагдсан Эрдэнэбулган, Ихтамир, Өгийнуур, Хотонт сумын 20 гаруй   иргэд, аймгийн прокурорын газрын дарга, удирдлагууд, цагдаагийн газрын дарга, олон нийт хариуцсан байцаагч нар, хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож, тусгай хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулав. Аймгийн ИТХТ-ийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Мөнхбат уг арга хэмжээг нээж, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар заавар зөвлөмж өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, зарим иргэдийн асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж, холбогдох газар хэлтсүүдэд ажлын чиглэл өглөө.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгох талаар, Аймгийн прокурорын газрын дарга Д.Жамбалсүрэн дахин гэмт хэрэгт холбогдвол ямар хор хохиролтой болох, өмнө нь үйлдэгдсэн хэрэг нь сэргэж ял нь нэмэгдэх үндэслэл, хууль эрх зүйн талаар, Цагдаагийн газрын дарга Я.Ганбат, цагдаагийн хошууч Э.Цэрэндолгор нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлж зөвлөмж өглөө.
Цагдаагийн хошууч Э.Цэрэндолгор хорих ангиудаас суллагдсан иргэдийн судалгааг гаргаж, аж амьдралыг танилцуулснаар, аймгийн ИТХТэргүүлэгчдийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Мөнхбат орон гэргүй 2 иргэнийг гэртэй болгох, өөрийн эзэмшлийн газаргүй 1 иргэнд газартай болгох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр боллоо. Хөдөлмөрийн хэлтэс цахим үнэмлэхгүй 2 иргэнийг бичиг баримттай болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүллээ. Хөдөлмөрийн хэлтсээс сургалтанд хамрагдсан иргэдээс хэрэгцээний судалгааг авч ажил хайгчаар 12 иргэнийг бүртгэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 5 иргэн, ажилд орох хүсэлтэй 7 иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 4 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг өглөө. Багшийн дээд сургуулийн сэтгэлзүйн багш Б.Гэсэрмаа “Сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, нийгэмшүүлэх талаар” лекц уншиж, сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ. Тус сургалт нь эдгээр иргэдийг дахин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмд өөрийн байр сууриа олж, бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөхөд нь дэмжлэг үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.




Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%