Аймгийн Нийгмийн Халамж, үйлчилгээний хэлтсээс өнгөрсөн 2015 онд давхардсан тоогоор 37076 иргэнд 9 тэрбум гаруй төгрөгийн 72 нэр төрлийн үйлчилгээг хүргэсэн байна. Энэ онд бидний нэрлэж заншсанаар хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичиг зэрэг халамжийн үйлчилгээг хэрхэн олгох талаар хэлтсийн дарга Л.Аварзэдтэй ярилцлаа.
-Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэхдээ зөвхөн бэлэн мөнгө, хүнсний талоноор хязгаарлах бус хөдөлмөрлөж амьдрах чадварт сургах олон нийтийн халамжийн үйлчилгээг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Энэ талаар тодруулвал?
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хамт олны бүлэг бүрдүүлж, орлогын эх үүсвэртэй болгох төсөлд хүнсний ногоо тариалах, цагаан идээ боловсруулах, оёдол эсгүүр, модон эдлэл, гутал засвар, гар урлал, талх нарийн боов, бэлэг дурсгалын үйлдвэрлэл зэрэг 45 бүлэгт 45 сая төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр олгож амьжиргааны түвшин нь тодорхой хэмжээгээр дээшилсэн. Аймгийн хэмжээнд уг үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх зөвшөөрлийн гэрчилгээг 6 төрийн бус байгууллага авч, гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаагаас үйлчилгээний гүйцэтгэлээр нь 15,0 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Согтуурах, мансуурах донтой болон, нийгмийн эмзэг бүлгийн 80 гаруй иргэнийг амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар олгох, авьяасыг нь дэмжих сургалтанд хамруулж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс байнгын хэвтэрт байдаг 100 орчим иргэнийг гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамрууллаа. Өөртөө үйлчлэх чадвартай халамжийн үйлчилгээнд хамрагддаггүй, хамрагдах аргаа мэддэггүй 130 ахмад настанд өдрийн үйлчилгээг үзүүллээ.
-Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хичнээн өрх хамрагдсан бэ? Энэ жил хэрхэн хамрагдах вэ?
-Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт чиглүүлэх, олон салбар нэгдсэн нэг мэдээллийн сангаас төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор Засгийн Газрын 269 дүгээр тогтоолын дагуу 2013 онд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг зохион байгуулсан. Судалгааны үр дүнд аймаг орон нутгийн амьжиргааны түвшинг тодорхойлсон мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа нь 3 жил тутамд 1 удаа зохион байгуулагдана. 2016 онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох 2 дахь удаагийн судалгааг зохион байгуулна. Судалгаанд тулгуурласан мэдээллийн сангаас 2015 онд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний босго оноо 240 болж батлагдсантай холбоотойгоор өрхийн тоо нэмэгдэн 2654 өрхийн 12862 иргэн болсон. Хүүхдэд 6500 төгрөг, насанд хүрсэн гишүүнд 13000 төгрөгийн хүнсний дэмжлэгийг үзүүлдэг.
Хүнсний эрхийн бичигт хамрагдах хүсэлтийг гаргасан 728 өрхөд дахин үнэлгээг хийж 256 өрх нь уг үйлчилгээнд шинээр хамрагдсан байна. 2015 онд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний санхүүжилт 355031,5 мянган төгрөгөөр дутсаныг аймгийн ИТХурлаар хэлэлцүүлэн батлуулж, халамжийн сангийн бусад үйлчилгээний зардлаас тодотгол хийлгэн, үйлчилгээ авдаг иргэдэд санхүүжилтийг бүрэн олгоод байна.
Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлыг сумдад сумын Засаг дарга нар зохион байгуулдаг бол аймгийн төвийн Эрдэнэбулган суманд НХҮХэлтэс тендер зарлан сонгон шалгаруулдаг. Ингээд төрийн банктай гурвалсан гэрээ байгуулан, уг үйлчилгээг 41 дэлгүүрээр дамжуулан хүргэж байна. Энэ онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх журам зөрчсөн, эргэлтийн хөрөнгийн хэмжээ бага, санхүүгийн чадавхгүй, барааны сонголтгүй, кассын машиныг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэдэггүй дэлгүүрүүдтэй гэрээгээр хамтран ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид хамтран ажиллахгүй бөгөөд шинээр үйлчлэх дэлгүүрийг хуулийн дагуу сонгон шалгаруулна. 2016 онд 2654 өрхийн 12862 иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэхээр 1.622.000.000 төгрөгийг батлуулаад байна. 2016 онд халамжийн сангаас 9.749.071.200 төгрөгийн халамжийн үйлчилгээг иргэддээ хуулийн дагуу олгоно.
-Хүүхдийн мөнгө олгох эсэх дээр нэлээд яригдлаа?
-Аймгийн хэмжээнд 2015 оны 12 сарын байдлаар хүүхдийн мөнгөө авч байгаа 33762 хүүхэд байна. 2016 оны 1-р сарын 1-нээс ӨМНСангийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бэлтгэл ажил хийгдэж байна. Иргэд өөрийн харьяалагдах сумын нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан амьжиргааны түвшингийн бүлгээ шалгуулж болно. Мөн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлэгт багтсан өрхөд хүүхдийн мөнгөнд хамрагдсаныг илтгэх мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 1-17 дугаар бүлгийн 26401 хүүхэд, 18-20 дугаар түвшний 1198 хүүхдийн мэдээлэл суугдсан бөгөөд, хүүхдийн мөнгө авахгүй бүлэгт багтаж байгаа хүүхдүүд нийт хүүхдийн 3.5% -ийг эзэлж байна.
Судалгаа явагдсанаас хойш шинээр төрсөн нийт 4516 хүүхдийн бүртгэл хийгдэж байна. Иргэд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхээс гадна үрчилж авсан хүүхдээ мөн бүртгүүлэх шаардлагатай байна. Энэ оноос Иргэний бүртгэлийн мэдээлэл, арилжааны банкны мэдээлэл, манай хэлтсийн мэдээлэл гурвыг тулган зөрүү гараагүй тохиолдолд хүүхдийн мөнгийг олгоно. Иймд иргэд халамжийн мэргэжилтэнд хандан хүүхдийн мэдээлэл регистр, овог нэрийг тулган алдааг засварлуулах шаардлагатай байна. 2013 оны судалгаанд хамрагдаагүй өрхүүд харъяа сумын нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан батлагдсан өргөдлийн маягтыг бөглөн судалгаанд хамрагдана. Мөн бүлгээ хүлээн зөвшөөрөөгүй иргэд өргөдлөө гаргаж болно. Дахин судалгаанд хамрагдсан өрхийн мэдээлэл ӨМНСанд орсны дараа сараас хүүхдийн мөнгө олгогдоно. Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уулзаж хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр бүх хүүхдэд олгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн хаанаас яаж бүрдүүлэх талаар ярилцаж байгаа тул шийдвэр гарангуут та бүхэндээ мэдэгдэх болно. Архангай аймгийн бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 8.102.880.000 төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байна. ЭХ СУРВАЛЖ /ekhoron21.mn/