Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10-р сарын 06-нд Орхон аймагт ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцуулан иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм. Ерөнхий сайдыг ирэхэд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар Хөшөөтийн даваан дээр угтан авч хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхий сайдыг дагалдан УИХ-ын гишүүд О.Содбилэг, Д.Дамба-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн.
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ:
2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн заалтууд Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд бараг 100 хувь орсон гэдгийг цохон тэмдэглээд, Монгол улсын Засгийн газар өнөөгийн эдийн засгийн хүндэлийг даван туулахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байгаа гэв.
Тухайлбал: Эрчим хүчний салбарт 68 төсөл байна. Энэ 68 төслийг бүгдийг нь хэрэгжүүлнэ гэвэл манай улсын жилийн цалинг нэг мөр оруулахаар болоод байна. Монгол улсын 1 жилийн цалингийн сан 1,6 их наяд төгрөг, энэ бүх төсөл 1,1 их наяд төгрөг болж байна. Иймд энэ олон төсөл хөтөлбөрүүдээс салбар салбартаа хамгийн оновчтой 3-5 төслийг л сонгож хэрэгжүүлэх үүргийг бүх салбарын сайддаа өгсөн.
Барилгын салбарт л гэхэд барилгын тусгай зөвшөөрөлтэй компани 2012 онд 1800 байсан бол өнөөдөр энэ тоо 2,5 дахин өсөж 4600 болсон. Өнөөдөр зах зээл дээр 30 мянга гаруй орон сууц бэлэн байгаа ч худалдан авалт байхгүй байна. Барилгын компаниуд банкны өрөнд орж байна. Энэ байдлыг засаж залруулж өгөөч гээд барилгын компаниуд Засгийн газарт хандаад байна. Энэ бол бодлоггүйн алдаа. Энэ талаар бид оновчтой бүх арга хэмжээг авна.
Эдийн засгаа сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж “Итгэлийн зээл” олгоно.
Шинээр татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага байдаг аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулахаар тусгасан гэв.
Тэрээр хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, насны хишиг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гээд иргэдийн сонсохыг хүсэн хүлээсэн асуултад ийнхүү хариулсан юм.
Насны хишиг
Ахмад настанууддаа “Насны хишиг” олгоход зориулж 2017 оны төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан. Ахмадуудын нас ахих тусам насны хишиг нь нэмэгдэнэ. Жишээ нь: 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор төсөвлөсөн гэв.
Боловсролын зээлийн сан
Их дээд, сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн санг бий болгосон байна. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.
Хүүхдийн хорин мянга
Хүүхдийн мөнгөний тал дээр хүүхдүүдээ алагчилж үзээгүй бүгдэд нь олгоно. Харин эдийн засгийн боломжоосоо шалтгаалж, хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг зорилтот бүлгийн айл өрхүүдэд эхний ээлжинд өгч байгаа юм. Энэ нь нийт хүүхдүүдийн 60 хувь нь, үлдсэн 40 хувьд нь 2019 онд бөөнөөр нь 420 мянган төгрөгийг олгохоор болсон гэсэн юм.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь
Иргэдийн нэг сонирхсон асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн оросын талын 49 хувийг худалдан авсан тухайд ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа хэд хэдэн шийдвэр гаргасан гэв.
Нэгдүгээрт: Өмнөх Засгийн газрын Сангийн сайдын гаргасан тушаалыг хүчингүй болгосон. Учир нь Оросын талын 49 хувийг худалдан авсны дараа тус компаний 51:49 хувийн эрх мэдлийн харьцаа алдагдсан, Тиймээс төр 51 хувийн эрх мэдлээ эдэлнэ. Энэ чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан.
Хоёрдугаарт: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны нууцын зэрэглэлтэй байсан тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болсон.
Гуравдугаарт: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монгол банкинд уламжилсан гэдгийг хэллээ.
Засгийн газар энэ 49 хувийг авч болдоггүй юм уу гэсэн асуултад худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана. Гэхдээ хуулийн дагуу худалдаж авсан бол бид дээрэмдэж авч болохгүй гэсэн юм. Ямартаа ч Засгийн газрын худалдаж авахаас татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдэл болон худалдан авсан үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалган тогтоож иргэдэд мэдээлнэ гэсэн юм.
Тэрээр үгийнхээ төгсгөлд бид нэг зүйл дээр алдсан. Хийж байгаа ажлаа иргэдэд сайтар таниулж ойлгуулаагүйгээс нийгэмд буруугаар ойлгогдоод байна. Түүнээс бид сонгуулийн амлалтаасаа ухарсан зүйл байхгүй аль болохоор эдийн засгийн боломжиндоо тулгуурлаж хүндрэлээс гарах арга замаа хайж байна. Засгийн газар ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөртөө сонгуулийн амлалтаа 100 хувь тусгасан гэв.