Батцэнгэл сумын Баян-Уул, Цэнхэр сумын Цэнхэрийн гол, Эрдэнэмандал сумын Бургалдайн голд авто машин суулаа гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус газрын алба хаагчид авто машинуудыг аюулгүй газарт гаргаж, зорчиж явсан найман хүний амь насыг авран хамгаалжээ.
Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас томоохон голуудын усны түвшин 20-95 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрээд байна.
Ус цаг уурын албанаас ирүүлсэн мэдээгээр 6-р сарын сүүлийн 10 хоногт ихэнх хугацаанд түр зуурын, усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар гол гатлахгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг Oнцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: EKHORON21.MN