Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

2016-12-02

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /цаашид “аймгийн салбар зөвлөл” гэх/ нь Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” тухай  хуулийн 16 дугаар зүйлд заасан аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө. 
1.2. Аймгийн салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно
1.3. Аймгийн салбар зөвлөл нь 7-15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид батална. 
1.4. Аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан мөн. Зөвлөл нь yлиpaлд 1-ээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчинтэйд тооцно.
1.5. Аймгийн салбар зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд салбар зөвлөлийн дарга, ажилтан гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол, зөвлөмж гаргаж болно.
1.6. Аймгийн салбар зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл  хуудас хэрэглэж, тус албан бичгийн хэвлэмэл хуудсанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдгийг хэрэглэнэ.
1.7. Аймгийн салбар зөвлөл нь нэрэмжит шагналтай байж болох ба түүний журмыг зөвлөлийн хуралдаанаар батална.
1.8 Аймгийн салбар зөвлөл нь эрхлэх асуудлын чиглэлээр орон тооны бус хороо, ажлын хэсэг, судалгааны баг  байгуулж  болно.

Хоёр. Аймгийн салбар зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

2.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ чиглэлээр гарсан холбогдох журам, УИХ-ын болон  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах.
2.2. Аймаг, сумдын Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сумдын салбар зөвлөл, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, уялдуулан зохицуулах.
2.3. Сумдын салбар зөвлөлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрт арга зүйн туслалцаа үзүүлэх, гүйцэтгэсэн ажлын тайланг гаргуулан авах, илтгэл, мэдээллийг сонсч хэлэлцэн үүрэг, чиглэл өгөх.
2.4. Төрийн захиргааны болон удирдах ажилтны семинар, зөвлөгөөн болон эрх хэмжээнийхээ асуудлаа аймаг, орон нутгийн чанартай хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль, бусад шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэн цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх.
2.5. Гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг судлан арилгах, таслан зогсоох арга хэмжээний чиглэлийг тогтоох.
2.6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төлөвлөн баталж, түүний хуваарилалт,  зарцуулалтад нь хяналт тавих.
2.7. Зөвлөлийн хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн  хэрэгжилтийн явц, үр дүн, зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, төрийн захиргааны болон  төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж аймаг, сумдын зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан. сэргийлэх талаар зохиосон ажил, Зөвлөл, түүний ажлын хэсгүүдээс хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн шийдвэр гаргах,
2.8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомж болон аймгийн салбар зөвлөлийн хуралдааны шийдвэрийн биелэлтийг нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж тэдгээрийн удирдах ажилтны илтгэл сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж чиглэл өгөх,
2.9.  Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд идэвхтэй оролцсон  иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шагнаж урамшуулах.
2.10. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгч, яаралтай нийтэлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах,
2.11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах талаар иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан санал, хүсэлтийг судлан, түүний мөрөөр асуудал боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах,
2.12. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин, тэднийг энэ ажилд өргөнөөр татан оролцуулах, туслалцаа үзүүлэх,
2.13. Аймгийн салбар зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хагас бүтэн жилээр  тайлагнаж байна.

Гурав. Аймгийн салбар зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг

3.1. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах,
3.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн биелэлтийг нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцах,
3.3. Сумдын салбар зөвлөлийн ажлыг шалган туслах.

Дөрөв. Аймгийн салбар зөвлөлийн даргын эрх, үүрэг

4.1. Аймгийн салбар зөвлөлийг тэргүүлж, төлөөлөх,
4.2. Аймгийн салбар зөвлөлийн хуралдааныг товлож, хэлэлцэх асуудлыг тодорхойлох,
4.3. Аймгийн салбар зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих,
4.4. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн удирдлагатай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах.

Тав. Аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг

5.1. Аймгийн салбар зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах,
5.2. Аймгийн салбар зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангаж, түүний шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах,
5.3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн салбар зөвлөлийн хүрээнд шуурхай зохицуулж байх,
5.4. Сумдын салбар зөвлөлийг байнгын удирдлагаар хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх,
5.5. Аймгийн салбар зөвлөлийн дарга, орлогч даргаас өгсөн үүрэг, хариуцуулсан ажлыг хэрэгжүүлэх.

Зургаа. Зөвлөлийн ажлын албаны орон тооны ажилтны эрх,  үүрэг

6.1. Аймгийн салбар зөвлөлийн дотоод ажлыг шаардлагын төвшинд хүргэж ажиллах, мэдээ, тайлан гаргаж зохих газарт нь хүргэх,
6.2. Сумдын ГХУСАЗЗөвлөлийн дотоод ажлын талаар аргачлал, арга зүйн туслалцаа үзүүлэх, 
6.3.  Зөвлөлийн дотоод бичиг хэргийг хөтлөх,
6.4. Зөвлөлийн ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг чиглүүлэх, энэ чиглэлээр шаардлага тавих. 

Долоо. Зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох

7.1. Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, тэдний үйл ажиллагаагаа тогтмол үр дүнтэй явуулах, гүйцэтгэж буй үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор ажлын доорх үр дүнг харгалзан урамшуулал олгоно,
7.2. Хариуцсан ажлын хэсгийн болон жил улирлын төлөвлөгөөт ажлыг зохицуулан зохион байгуулсан байдал,
7.3. Сумдын зөвлөлийн ажилд мэргэжил арга зүйн туслалцаагаар хангаж ажилласан, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдал,
7.4. Хэлэлцэх асуудлаар тодорхой санал дүгнэлт гаргасан эсэх, шийдвэр боловсруулахад оролцсон байдал,
7.5. Хяналт шалгалтад оролцсон байдал,
7.6. Зөвлөлийн хуралдаанд оролцсон байдал /ирц бүртгэлийг харгалзан/,
7.7. Гишүүдэд олгох урамшууллын хэмжээг аймгийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтооно.

Найм. Сумдын салбар зөвлөлийн ажлыг дүгнэж урамшуулал олгох

8.1. Сумын салбар зөвлөл нь үйл ажиллагаагаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хагас бүтэн жилээр  тайлагнаж байна.
8.2. Сумдын салбар зөвлөлийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дараах үзүүлэлтүүдээр ажлыг дүгнэн урамшуулал олгоно. Үүнд:
- Зөвлөл хэдэн удаа хуралдаж хэчнээн асуудал шийдвэрлэсэн,
- Тайлан ирүүлэлт,
- Хугацаатай үүрэг даалгаврын биелэлт,
- Хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт,
8.3. Урамшууллын хэмжээг аймгийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтооно.

Ес. Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт

9.1. Орон нутгийн салбар зөвлөлөөс холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн зохих хэсэг, төсвөөс баталж өгсөн хөрөнгө, бусад хандив, төслийн хөрөнгөөс бүрдэнэ. Салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тухайн ИТХ, ЗДТГ-ийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ,

--о0о--

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%