Өнгөрсөн хоёр жил аймгийн ахмадууд дээрх хоёр байгууллагад хуваагдан, тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгвэл тус байгууллагуудын хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс аймгийн Засаг дарга Ахмадын хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр боллоо. Тухайлбал ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу ахмад настнуудад үзүүлэх төрийн зарим үйлчилгээг ахмадын хороогоор гүйцэтгүүлэхээр болж дарга О.Даваасүрэнд үүрэг болгов. Мөн талуудын он дуустал хийсэн гэрээнд ахмадуудад тохирсон сургалт мэдээлэл хийх, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг тусгаж өгсөн байна. Түүнчлэн Ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллаж, ажлын байр сууцаар хангахаар болж, даргын үүргийг гүйцэтгэж байгаа Б.Сэр-Одод улсын төсвөөс олгодог санхүүжилтээс сар бүр 350,000 төгрөгийн урамшууллыг олгохоор болжээ. Мөн Чөлөөт ахмадын холбооны нягтлан бодогчийг ахмадын хорооны нягтлангаар үргэлжлүүлэн ажиллуулахыг гэрээнд тусгасан ажээ.
Аймгийн хэмжээнд 10,000 орчим ахмад настан байдгаас Эрдэнэбулган сумын хэмжээнд 2000 гаруй ахмадууд байдаг. Тэдгээр ахмадуудад Монголын Ахмадын холбооны салбар хороо, Ахмадын Чөлөөт холбооны салбар гээд хоёр байгууллага үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Архангай аймгийн нийт ахмадуудын эрх ашгийг хамгаалж ажиллах дээрх хоёр ТББ нь өмнө жилүүдэд тус тусдаа үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол энэ жилээс эхлэн ажлаа нэгэн зүгт чиглүүллээ. Өөрөөр хэлбэл, Монголын Ахмадын холбооны салбар хороотой аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хамтран ажиллах гэрээ байгуулж төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр боллоо. Харин ахмадын хорооны дарга О.Даваасүрэн Ахмадын чөлөөт холбооны даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Сэр-Од нар ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурсан юм. Ахмадын холбоодын дарга нар хэлэхдээ: “Ахмадын байгууллагуудыг аймгийн Засаг дарга түүний тамгын газар дэмжиж, үйл ажиллагааг нь нэгтгэж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ГЭРЭЛЧИМЭГ:
- Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу Аймгийн засаг даргын 2016 оны 10-р сарын 24-ний А/456 тоот захирамжид ахмад настнуудад үзүүлэх төрийн зарим чиг үүргийг аймгийн ахмадын хороогоор гүйцэтгүүлэхээр болж, энэ чиг үүргийг аймгийн Ахмадын хорооны дарга О.Даваасүрэнд үүрэг болгосон. Аймгийн Засаг дарга, Ахмадын холбооны дарга нарын он дуустал хийсэн гэрээнд Архангай аймгийн нийт ахмадуудад ямар нэг улс төрийн хандлага гаргахгүй, алагчилж үзэхгүйгээр тэдэнд тохирсон сургалт мэдээлэл хийх, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг тусгаж өгсөн байгаа. Мөн ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллаж, ажлын байр сууцаар ханган, даргын үүргийг гүйцэтгэж байгаа Б.Сэр-Одод улсын төсвөөс олгодог санхүүжилтээс сар бүр 350,000 төгрөгийн урамшууллыг олгож, мөн нягтлан бодогчийг ажлын байраар хангах зэргийг тусгасан. Энэхүү гэрээг дээрх ТББ-ууд талархан хүлээж авсан байгаа.
АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА О.ДАВААСҮРЭН:
- Юун түрүүнд нийт ахмадууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Нэн түрүүнд хэлэхэд ахмадын энэ байгууллага нь ямар нэг улс төрийн талцалгүй, үйл ажиллагаа ахмадууддаа жигд хүрч явагдана. Ахмадын өргөө бол ахмадуудын хоёр дахь гэр. Энэ өргөөндөө хэдийд ч ирээд үйл ажиллагаанд хамрагдаад биднийг дэмжээд явна гэдэгт итгэлтэй байна. Ахмадын чөлөөт холбооны ажил нь бас л ахмад руу чиглэсэн байдаг. Энэ хоёр байгууллага нь ерөөсөө л бүхий л ахмад настнуудын эрх ашгийг хамгаалсан байгууллага. Тэгэхээр хамтран үйл ажиллагаа явуулахад болохгүй юм байхгүй. Энэ ч утгаараа хамтран ажиллах гэрээгээ байгууллаа.
АЙМГИЙН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБООНЫ ДАРГА Б.СЭР-ОД:
- Архангай аймагт ажиллаж амьдарч байгаа ахмадууддаа энэ өдрийн мэнд хүргэе. 2016 оны 10-р сараас эхлээд ажлын байраа аваад, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ахмадын хороотой хамтран ажиллахаар боллоо. Ямартай ч ахмадын хороотой хамтран ажиллах боломжийг олгож өгсөн Засаг дарга Ц.Мөнхнасанд байрласнаа илэрхийлье. Цаашид төрөөс баримталж байгаа чиг үүргийн дагуу О.Даваасүрэн даргатайгаа ахмадууд руу үйл ажиллагаагаа нэгэн зүгт чиглүүлж, намчирхал гэдэг зүйлгүйгээр зөв, тэгш хүргэх болно.