Аймгийн хэмжээнд нийт 32.877 хүүхэд сар бүр олгодог хорин мянган төгрөгийг авдаг байсан. Харин шинээр байгуулагдсан УИХ-ын шийдвэрээр улсын хэмжээнд хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал хүүхдийн мөнгө авдаг бүх өрхүүдийн хэмжээнд судалгаа явуулан өрх бүрийг 1000 хүртэлх оноогоор дүгнэн 502-оос доош оноотой айлын хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг бэлнээр олгохоор болсон.
Үүний дагуу манай аймгийн нийт хүүхдийн 83.7 хувь нь хорин мянган төгрөгөө бэлнээр авахаар болжээ. Нийт хүүхдийн 83.7 хувь нь буюу 27.470 хүүхдийн 7,8,9-р сарын мөнгө нь бэлнээр дансандаа орсон байна.
Харин үлдсэн 5407 хүүхдийн мөнгө бэлэн бусаар дансанд нь орох юм байна. Эдгээр хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг бэлэн бусаар бичилт хийн 2019 оноос нөхөж олгох юм байна. Иргэд хэдэн оноотой байгаагаа сум, багийн нийгмийн халамжийн ажилтнуудаас тодруулах боломжтой.