УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн элэгний С вирустэй иргэдийг эрүүлжүүлэх зорилготой "Элэгний эмгэггүй Архангай" төсөл энэ сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Батдорж, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн зөвлөх Г.Алдартбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, орлогч дарга Г.Мандах, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч нар оролцлоо. “Элэгний эмгэггүй Архангай” төслийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам, Харвони эмийг оруулж ирдэг “Омбол” ХХК болон орон нутгийн байгууллагууд дэмжин оролцож байгаа. Төслийн хүрээнд 12-р сарын 5-ны өдрөөс эхлэн сумдын ЭМТ-үүд дээр анхан шатны илрүүлгийн шинжилгээг авна. Илрүүлэг үзлэгт аймгийн хэмжээнд 40-65 насны 21700 иргэн байгаа бөгөөд ЭМТ-үүд дээр гаргасан хуваарийн дагуу сайн дураараа анхан шатны илрүүлэгтээ орох юм байна. Тухайлбал, ЭБ сумын 40-65 насны бүх иргэд өрхийн ЭМТ-өөсөө очиж хэзээ, хаана илрүүлэгтээ орох вэ гэдгээ лавласны дараа Нэгдсэн эмнэлэгт ирж шинжилгээгээ өгнө гэсэн үг. Сумдад мөн ялгаагүй хуваарийн дагуу шинжилгээндээ орно. Шинжилгээг сумдын хүн амын тооноос хамааран 3-7 хоногийн дотор авч дуусгана гэж тооцсон байна. Элэгний С вирустэй гэж шинжилгээгээр гарч ирсэн тохиолдолд идэвхжлийг нь тоолж, өндөр идэвхжилтэй хүмүүсийг эмчилгээнд оруулна. Тэрнээс С вирустэй хүн болгон эмчилгээнд орохгүй гэдгийг ХӨСҮТ-ийн эмч нар хэлж байна.
Элэгний вирусын эмчилгээнд МУ-д Харвони эмийг жилийн өмнөөс хэрэглэж, улсын хэмжээнд 4800 элэгний С вирустэй иргэд эмчлэгдсэн байдаг байна. Эндээс харахад энэхүү эмийн эмчилгээний үр дүн маш өндөр гэдгийг харж болох юм.
Улсын хэмжээнд загвар болж хэрэгжих энэхүү “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүн мэргэжлийн байгууллагууд болоод иргэдийн өөрсдийнх нь идэвхи оролцооноос шууд хамаарна. Тиймээс 40-65 насныхан өөрсдийн эрүүл мэндийн төлөө идэвхтэй байхыг төсөл хэрэгжүүлэгчид уриалж байгаа юм.