2022-04-19
547
Сангийн яамны хэрэгжүүлдэг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс хөгжүүлсэн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн саналыг цахимаар авах зорилготой “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем (www.onhs.mof.gov.mn)” болон “ОНХС” гар утасны аппликейшнийг ашиглалтад оруулаад байна.
Орон нутгийн хөгжлийн сан(ОНХС) нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, иргэдийн саналаар зарцуулдаг төсөв юм. Энэ төсвийг иргэдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн зөв зарцуулахын тулд олон нийтээс нээлттэй санал асуулгыг жил бүрийн 1-6 дугаар сард авдаг. “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын дагуу ОНХС-ийн дараа оны төлөвлөлтийг иргэдээс санал авахдаа санал асуулгын хуудас бөглүүлэх, бүлгийн ярилцлага хийх, цахим гэсэн 3 хэлбэрээр авч болохоор заасан. 2013 оноос буюу тус сан бий болсноос хойш жил бүр санал асуулгыг зохион байгуулахдаа иргэдийн саналыг авахдаа ихэвчлэн санал асуулгын хуудас бөглүүлж цаасаар авдаг байсан бол энэ жилээс техник технологийн дэвшилтэт арга хэрэгслийг ашиглан саналаа өгөх боломжтой болж байна.
Тус аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна ОНХС-ийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, сумандаа хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, ИНХ болон ИТХ-ын тогтоолуудаар батлагдсан жагсаалт, тендер шалгаруулалт, ажлын гүйцэтгэлийн явц, санхүүжилтийн хуваарь, хөрөнгө оруулалтын өмнөх, явцын болон дараах гэрэл зургууд, хууль эрх зүйн мэдээлэл, ОНХС-ийн талаар болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гээд олон талын мэдээллүүдийг гар утаснаасаа үзэх боломжтой болж байна. Түүнчлэн иргэнийг харьяаллын дагуу, давхардалгүй саналыг нь авах, төрийн үйлчилгээг нэг дороос хялбар, чирэгдэлгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, ЗГ-ын системүүд хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор аппликейшнийг E-Mongolia систем болон танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбоод байна.
Иргэдийн саналыг цахимаар авснаар иргэд болон төрийн албан хаагчдын явдал чирэгдлийг багасгах, цаас, хэвлэгчийн хор, шатахуун зэрэг бодит зардлуудыг хэмнэх, хялбаршуулсан байдлаар саналыг нэгтгэхэд зарцуулдаг цаг хугацааг багасгах, иргэд саналаа өгөхөд улам хялбар болж, оролцоо нэмэгдэх боломжийг олгох зэрэг олон олон давуу талуудтай. Иргэн та 2023 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд ОНХС гар утасны аппликейшнийг ашиглан 4 дүгээр сарын 15-аас 6 дугаар сарын 1-ний хооронд хөрөнгө оруулалтанд саналаа өгөөрэй.